УИХ-ын чуулган даваа гараг хүртэл хойшиллоо (2004.08.06)
УИХ-ын чуулган ес дэх өдрийн хуралдаанаа өчигдөр хийлээ. 24 болон 59 дүгээр тойргийн асуудлыг шийдтэл анхдугаар чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн "Эх орон-Ардчилал" эвслийнхэн хүрэлцэн ирсэн байв.
УИХ-ын гишүүн, "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн дарга С.Оюун, 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт дахин санал хураалт явуулахаар болсон Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг шүүх түдгэлзүүлсэн учир бид УИХ-ын чуулганд орж байна. "Эх орон-Ардчилал" эвсэл өчигдөр хуралдаж бүлгийн дүрмээ баталлаа. Бүлгийн даргаар миний бие сонгогдсон бөгөөд орлогч дарга гурав байхаар болж С.Баярцогт, Н.Батбаяр, Р.Эрдэнэбүрэн нарыг сонголоо. Албан ёсны бүлэг байгуулсан тухайгаа УИХ-ын хуульд зааснаар хурал даргалагчид бичгээр хүргүүлсэн болно. Түүнчилэн бүлгийн хурлаар төр засгийг байгуулах асуудлаар зөвшилцөх ажлын хэсгийг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Үүнд бүлгийн дарга, гурван орлогч дарга, болоод намуудаас төлөөлөл байх үүднээс М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, Г.Батхүү нарыг оруулсан. Зөвшилцлийн ажлын хэсэг байнгын ажиллагаатай байна. Хурал даргалагчаас чуулганы хуралдааныг ирэх даваа гариг хүртэл хойшлуулж өгөхийг хүсч байна гэлээ.
Эвслийн бүлгийн даргын гаргасан саналыг УИХ-ын гишүүн, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн дэмжсэн бөгөөд хурал даргалагч Д.Дэмбэрэл, хоёр тал зөвшилцлийн зам дээрээ дахин гарч ирж байгаад тун их баярлаж буйгаа хэлээд тэдний хүссэнээр ирэх даваа гарагийн 11 цагт анхдугаар чуулганыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.