Н.Энхбаяр УИХ-ын дарга болж, Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшээд байна (2004.08.16)
УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган хорь гаруй хоног завсарласны эцэст өнгөрсөн баасан гаригт хуралдаж, УИХ-ын даргыг сонгов. УИХ-ын тухай хуулийн 26 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу "Эх орон-Ардчилал" эвсэл, БНН-тай зөвшилцөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж, хуралдаанд ирсэн 70 гишүүнээс Н.Энхбаяраас бусад 69 нь санал хураалтад оролцож 100 хувийн саналаар түүнийг парламентын даргаар сонгосон юм.
УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг нэг хүн давхар хаших эрхгүй тул Н.Энхбаярыг хуучин албанаас нь чөлөөлөх тухай тогтоолыг УИХ баталж, Сангийн сайд Ч.Улааныг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Н.Энхбаяр УИХ-ын даргаар сонгогдсныхоо дараа товч үг хэлэхдээ, "2004 оны сонгуулийн ур дүнд үүссэн нөхцөл байдал нь Монгол Улсыг ардчиллаа дахин нотлох хэрэгтэй болгосон. Гадаад, дотоод ертөнц бидний хэл амаа ололцохыг анхааран ажиглаж байна. МАХН, "Эх орон-Ардчилал" эвсэл, БНН, бие даагчид хэл амаа ололцон Монгол Улс ардчилсан орон, бид зөвшилцөж чаддаг улстөрчид гэдгээ дахин нотоллоо. Зөвшилцлийн үр дүнд шинэ УИХ эмхлэгдэн байгуулагдах ажил эхэллээ. Засгийн газраа яаралтай эмхлэн байгуулах ёстой" гэж онцлон тэмдэглэсэн байна.
МАХН, “Эх орон-Ардчилал” эвслийн зөвшилцлийн дагуу Эвслээс нэр дэвшүүлж Ерөнхий сайдыг томилохоор тогтож, Ц.Элбэгдоржийн нэрийг дэвшүүлээд байгаа юм.