Анхнаасаа асуудлаа зөвшилцөж шийдээд ажил хэрэг болгоод явж чадвал Засгийн газар тогтвортой ажиллана гэж УИХ-ын дарга Н.Энхбаяр үзэж байна (2004.08.16)
УИХ-ын дарга Н.Энхбаяр сонгогдсныхоо дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Тэрбээр парламентад суудалтай нам, эвслийн зөвшилцлийн үр дүнд УИХ-ын даргыг МАХН-аас томилов. Харин "Эх орон-Ардчилал" эвсэл одоо Ерөнхий сайдад нэр дэвшүүлж сонгох эрхтэй. Улмаар УИХ, Засгийн газрын бүтцийн асуудлууд шийдлээ хүлээж байна. УИХ-ын байнгын хороодын тоог өөрчлөх, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хамтарсан мөрийн хөтөлбөрийг боловсруулах гээд ажил их байна гэж онцлон хэлсэн байна.
Түүний хэлснээр тэргүүн шадар сайд гэсэн орон тоо бий болгож, тэр суудалд МАХН-аас хүн томилох бололтой. "Эх орон-Ардчилал" эвслээс сонгогдсон Ерөнхий сайд нь аливаа шийдвэр гаргахдаа заавал тэргүүн шадар сайдтай тохиролцдог байх хувилбар яригдаж магадгүй аж. Энэ талаар ажлын хэсгүүд байгуулан ажиллаж, аль боломжтой хувилбарыг нь сонгох гэнэ. Ингэснээр зөвшилцлийн механизмыг УИХ, Засгийн газрын бүтцэд суулгаж өгч байгаа хэрэг аж.
Энэ удаагийн парламентыг сөрөг хучингүй гэж ярьж байгаа талаар УИХ-ын дарга Н.Энхбаяр тайлбарлахдаа, хоёр өөр түүх, үзэл бодолтой улстөрийн хүчнүүд бүхий л асуудлаар санал нэг байна гэж мэдээж байхгүй. Зарим асуудлаар хүссэн хүсээгүй өөр байр суурьтай байх нь гарцаагүй. УИХ, Засгийн газраа хамтран бүрдүүлснээр улстөрийн нэг хүчин болохгүй. Сөрөг хүчингүй биш, харин ч хамгийн амаргуй, сөрөг хүчин нь дотроо багтсан парламент бий боллоо гэж хэлсэн байна.
Зөвшилцөөнд жижиг асуудал гэж байдаггүй. Анхнаасаа асуудлаа зөвшилцөж шийдээд түүнийгээ ажил хэрэг болгоод явах юм бол Засгийн газар тогтвортой ажиллана гэж тэрбээр үзэж байна.