Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг өргөн барив (2004.08.19)
УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн бүлэг, МАХН-ын зөвшилцөх ажлын хэсгийн гишүүд Ерөнхий сайдад Ц.Элбэгдоржийн нэрийг дэвшүүлж байгаа тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид өргөн барьсан байна. УИХ-ын дэд дарга, "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн дарга С.Оюун эвсэл, МАХН хамтран зөвшилцөж Ц.Элбэгдоржийн нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж буйг мэдэгдэн УИХ-д оруулж хэлэлцүүлж өгөхийг хүсчээ. Мөн Ц.Элбэгдоржийн намтрыг УИХ-ын 74 гишүүний гарын үсэг зурсан тунхаглал, баримт бичгийн хамт өргөн барьжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди "УИХ, Засгийн газрыг бүрдүүлэх ажил сунжирч байгааг иргэд шүүмжилж байна" хэмээгээд тогтвортой ажиллах Засгийн газрыг хүсч буйгаа илэрхийлсэн бөгөөд Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тохирсон прагматик үйл ажиллагаатай Засгийн газар байх ёстой гэж үзэж байна.
Нам, эвслийн зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг судлан үзэж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ Ерөнхийлөгч мэдэгдээд зөвшилцөх үйл ажиллагаа нь ард түмний сонголтын үндсэн тусгал байх учиртайг анхааруулсан байна.