Монголын гэж нэрлэгдэх олон амжилт, улстөрийн шинэ дэг жаяг тогтоно гэж Ц.Элбэгдорж үзэж байна (2004.08.23)

A- A A+
Монголын гэж нэрлэгдэх олон амжилт, улстөрийн шинэ дэг жаяг тогтоно гэж Ц.Элбэгдорж үзэж байна (2004.08.23)

Монголын гэж нэрлэгдэх олон амжилт, улстөрийн шинэ дэг жаяг тогтоно гэж Ц.Элбэгдорж үзэж байна (2004.08.23)

Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилсны дараа тэрбээр УИХ-ын гишүүдэд хандан үг хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ, энэ удаагийн УИХ-ыг сонгох сонгууль өвөрмөц үр дүнтэй боллоо. Монголын ард түмэн хаан сонголт хийлээ. Урьд өмнө нь тархай бутархай улс үндсээ нэгтгэх үүргийг ихэс дээдэс, хаад ноёд хүлээдэг байсан бол энэ удаа Монголын ард түмэн нам эвсэлд хуваагдсан улстөрийн хүчнүүдэд хамтарч ажиллах ховор боломжийг нээлээ гэж онцлон тэмдэглэсэн байна. Үүнд л өнгөрөгч зургадугаар сарын 27-нд болсон УИХ-ын сонгуулийн түүхэн ач холбогдол оршино гэж Ц.Элбэгдорж үзэж байна.

Бас сая өнгөрсөн сонгуулийг ялагдагчгүй сонгууль болсон гэж Ерөнхий сайд Ц.Элбэгдорж тодорхойлжээ. Энэ тухай тэр тайлбарлахдаа, "Эх орон-Ардчилал" эвслийн болон МАХН-ын хувьд ч, БНН-аас төлөөлж сонгогдсон гишүүний болон бие дааж сонгогдсон гишүүдийн хувьд ч бүгдээрээ энэ сонгуульд ялагчид болсон. УИХ-ын гишүүн ард түмнийхээ элч төлөөлөгч байж, төрийн бодлогыг хамтдаа тодорхойлж, хамтдаа хэрэгжүүлж, хариуцлагаа хамтдаа хүлээх болж байна. Хамтын хариуцлагын нөхцөлд хувийн хожоо гэж байдаггүй. Дээрх сонголтоос Монголын ард түмэн, Монгол Улс бүхэлдээ хожих болно гэсэн байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, өнгөрөгч сонгуулийн бас нэг онцлог бол аль ч нам эвсэл дангаараа эрх баригч болсонгүй. Ард түмэн маань эрх баригч боллоо. Ардчилсан сонголтын гол утга бол хэн нэгэнд эрх мэдэл өгөхдөө бус уг эрх мэдлийг ард түмэн хадгалж, хэрэгжүүлж байдагт оршино. Иймээс энэ Их Хуралд, энэ Засгийн газарт жинхэнэ ёсоор Монголын ард түмний Их Хурал, Монголын ард түмний Засгийн газар байх хувь зохиол ногдож байна. Бидний бодлого, үйл ажиллагаанаас Монголын гэж нэрлэгдэх олон амжилт, улстөрийн шинэ дэг жаяг тогтоно гэдэгт итгэж байна гэжээ.

Жич:
Ц.Элбэгдорж Монгол Улсын 22 дахь Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газрын тэргүүнээр хоёр дахь удаагаа ажиллахаар боллоо. Түүний товч намтар нь:

Ц.Элбэгдорж 1963 оны гуравдугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 41 настай, Эхнэр, дөрвөн хүүхэдтэй.

1988 онд ЗХУ-д Львов хотын Цэргийн улстөрийн дзэд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Харвардын их сургуулийг төрийн удирдлагын мастер зэрэгтэйгээр тус тус төгссөн.

1981 оноос Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт засварчин, 1988 оноос "Улаан од" сонины сурвалжлагч, 1990 онд "Ардчилал" сонины эрхлэгч, 1990-1992-онд АИХ-ын депутат, Улсын Бага хурлын гишүүн, 1992-1994 онд УИХ-ын гишүүн, 1994-1996 онд Үндэсний аюулгүй байдлын зевлөлийн шинжээч, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ дахь Олонхийн бүлгийн дарга, 2002-2003 онд НҮБ-ын "Мянганы хөгжлийн зорилт" хөтөлбөр, Вашингтон хот дахь "Чөлөөт хэвлэл" төслийн Удирдах зөвлөлд зөвлөхөөр тус тус ажилласан байна.

1989-1997 онд Монголын Ардчилсан холбооны тэргүүлэгч, 1991 -1997 онд МоАХ-ны дарга, 1996-1999 онд МҮАН-ын тэргүүн, 1994 оноос МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн, 1996-2000 онд "МҮАН-МСДН"-ын Ардчилсан холбоо" эвслийн даргаар сонгогдон ажиллаж байсан. Одоо Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний сонгуультай.

Орос, англи хэлтэй.