Засгийн газар паритет вето зарчмаар ажиллаж, 50:50 харьцаатайгаар байгуулагдана (2004.08.23)
УИХ дахь МАХН, "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийнхэн "Зөвшилцөл ¹2" баримт бичигт гарын үсэг зуржээ. Уг баримт бичигт шинэ Засгийн газрыг хэрхэн байгуулах талаар хэд хэдэн тохиролцоог тусгасан байна.
Нэгдүгээрт, Засгийн газрын бүрэлдэхүүнийг (Ерөнхий сайд, шадар сайд нарыг оролцуулаад) МАХН болон "Эх орон-Ардчилал" эвслээс 50:50 гэсэн харьцаатайгаар байгуулахаар зөвшилцжээ. Энэ нь Засгийн газрын танхимыг "Эх орон-Ардчилал" эвсэл болон МАХН-ын тэнцүү төлөөлөлтэй байгуулна гэсэн үг юм. Шинээр байгуулах Засгийн газар 2-3 шадар сайдтай байхаар талууд санал солилцож байгаа аж.
Хоёрдугаарт, Засгийн газар шийдвэр гаргахдаа "паритет-вето" зарчмыг баримталж байхаар тохиролцжээ. "Паритет-вето" зарчим гэдэг нь Засгийн газрын гишүүд харилцан зөвшөөрөлцөж байж асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг юм байна. Өөрөөр хэлбэл, зөвшилцөл хийж буй талууд адил тэгш эрхтэй /паритет/ оролцох, хэрэв ингэж зөвшилцөж чадахгүй бол тэр нь хориг /вето/ тавьсантай адил болох юм. Иймд олонхиороо шийдвэр гаргахгүй бөгөөд зөвшилцөж чадахгүй бол ямарваа асуудлыг ажил хэрэг болгож чадахгүй ажээ.
Гуравдугаарт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг талууд харилцан зөвшөөрсний дараа УИХ-д өргөн барихаар тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газар хэдэн яам, шадар сайдтай байх зэрэг асуудалд МАХН, "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгүүд нэгдмэл байр суурьтай болсны дараа УИХ-аар оруулж батлуулах юм байна.