Ц.Элбэгдорж Засгийн газрын хуралдааныг даргалан хуралдуулав (2004.08.24)
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацааны анхны Засгийн газрын ээлжит хуралдааныг өчигдөр зарлан хуралдуулсан байна.
Уг хуралдаанаар боловсролын тухай болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг үндэслэн аймаг, нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж норматив, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид дээд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох сургалтын зардлын жишгийг тус тус баталж тогтоол гаргалаа. Хувьсах зардлын дундаж нормативыг бүс нутгаар ялгавартайгаар цэцэрлэгийн нэг хүүхдэд 118500-125900, ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагчид бага ангийнх бол 73900-79100, дунд ангийнх бол 90700-98400, ахлах ангийнх бол 99800-105600 төгрөг, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг сурагчид 174700-183300 төгрөг ногдохоор тусгасан байна. Харин их, дээд сургууль, коллежийн нэг суралцагчид ногдох сургалтын зардлыг төрийн өмчийн сургууль тус бүрээр гаргасан бөгөөд 180-340 мянган төгрөг байхаар заажээ. Мөн цэцэрлэгийн нэг хүүхдэд улсын төсвөөс олгох хоолны зардлын хэмжээг жилд 36000 төгрөг байхаар тогтоов. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн дотуур байранд амьдрах нэг хүүхдэд ногдох хоолны зардлыг 110950, ажилчдын цалин, шимтгэлийг жилд нэг хүүхдэд 17250 төгрөг байхаар тус тус тогтоон улсын төсвөөс санхүүжүүлж байхаар боллоо. Тогтоолоор дээд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох сургалтын зардлын жишгийг баримтлан сургуулийнхаа сургалтын төлбөрийн хэмжээг тогтоон мөрдөхийг төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн захирал, удирдах зөвлөлийн дарга нарт үүрэг болгож, дээрх норматив, зардлын жишгийг үндэслэн боловсролын салбарын 2005 оны төсвийг төлөвлөж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.