Ерөнхийлөгч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг байгуулах асуудлыг түргэтгэхийг анхааруулав (2004.09.01)
Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар саналаа илэрхийлж Ервнхий сайд Ч.Элбэгдоржид албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт дурдахдаа “УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрсний дараа төр, Засгийн газрыг төвхнүүлж байгуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль, бусад хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой алхмуудыг хийлээ” гээд Засгийн газрын зорилго, бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Энэ бол Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар зөвшилцөх тухай Үндсэн хуулинд тусгагдсан цорын ганц заалт гэж тэрбээр үзэж байна.
Бүрэн эрхийн хугацаа нь бүхэл бүтэн дөрвөн жилээр хэмжигдэх төрийн гүйцэтгэх дээд байгууллагын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хөндөх учир зөвшилцөл цаг хугацаа шаардана. Гэхдээ цаг хугацаа өөрөө бас хязгаартай. Зөвшилцөл долоо хоногт дуусах учиртай гэж Ерөнхийлөгч мэдэгджээ. Ерөнхий сайд эл асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлж болно. Гэвч нэгэнт зөвшилцөлд хүрч чадаагүй асуудлаар УИХ шийдвэр гаргалаа ч Ерөнхийлөгч бүхэлд нь буюу зарим хэсэгт бүрэн эрхийнхээ дагуу хориг тавих магадлал өндөр гээд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх асуудал сунжирч, цаг алдаж байгааг тэрбээр анхааруулжээ.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Ерөнхийлөгч урьдчилан санал бодлоо илэрхийлсэн байна.
Засгийн газрын бүтэц,бурэлдэхүүнийг шинэчлэн боловсруулахдаа ирэх дөрвөн жилд хийгээд алсдаа тавьж буй зорилго, иргэдэд хүргэх үндсэн үйлчилгээ, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн агуулга, хөрөнгө, санхүү, хүний нөөцөө сайтар тооцох, үйл ажиллагаа нь олон түмний дэмжлэг авдаг байх, кабинет, яамд, агентлагууд, бүх шатны Засаг дарга нарын эрх үүрэг, хариуцлагын тогтолцоог нарийвчлан бодож оноох, Засгийн газрын байгууллагуудын сүлжээ цомхон чадварлаг байхыг чухалчлах хэрэгтэй гэж Ерөнхийлөгч Н.Багабанди үзэж байгаа ажээ.
Тодорхой хүнд зориулж албан тушаал, байгууллага бий болгохгүй байх, улс төрийнхөнд "бялуу" хүртээх нэрээр төрийн захиргааны жинхэнэ алба, түүний дотор төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчдын хууль ёсны статусыг хөндөхгүй байхыг тэрбээр мөн онцолсон байна.