Итгэлийн 10 мянган төгрөгийг олгох асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах ёстой гэж Эвслийн бүлэг үзжээ (2004.09.01)
"Эх орон-Ардчилал" эвсэл, МАХН-ын хамтарсан Их эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үндсийг боловсруулахдаа нийгмийн хамгийн эмзэг, юун түрүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа ядуурлыг арилгахад анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн бүлэг үзэж байна. Өчигдрийн эвслийн бүлгийн хуралдаанаар гишүүд Их эвслийн Засгийн газар хамтарч ямар асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулан шийдэх талаар ярилцлаа.
Нийгэмд байгаа ядуурлыг арилгах үндэс гэж үзэн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулсан итгэлийн арван мянган төгрөгийг хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зайлшгүй оруулах хэрэгтэй гэж эвслийн гишүүд үзэж байна.
Нийгэм, эдийн засаг, төрийн бүх салбарт шударга хуваарилалт, үр ашиг, ардчиллын зарчмыг шингээхэд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр чиглэгдэх ёстой гэдэг дээр эвслийн бүлгийн гишүүд санал нэгдлээ. Бүлгийн хуралдаанаас томилогдсон ажлын хэсэг гишүүдийн саналыг нэгтгэн хөтөлбөрийн төслийг дахин боловсруулаад өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Эх орон-Ардчилал" эвсэл, МАХН-ын мөрийн хөтөлбөрүүдээс ямар заалтуудыг оруулахыг бүлгүүд хамтарч шийдэх юм гэж УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.