Тусгай хяналтын дэд хорооны асуудлаар нэгдсэн байр сууринд хүрээгүй байна (2004.08.25) УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнйи талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан боловч хуралдсангүй. Тус хорооны бүрэлдэхүүний тухай нарийвчлан ярилцах тухай хүсэлтээ УИХ дахь нам, эвслийн бүлгээс гаргасан тул байнгын хорооны хуралдаан хойшилсон ажээ. Төрийн нууц хадгалах, тагнуул болон гүйцэтгэх ажлын явцын талаарх хууль тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих болон улсын хил, төрийн тусгай хамгаалалттай холбоотой асуудлыг хэлэлцдэг Тусгай хяналтын дэд хороо хэдэн гишүүнээс бүрдэх нь нэлээд маргаан дэгдээгээд байгаа бололтой. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд МАХН, “Эх орон-Ардчилал” эвслээс тус бүр хоёр гишүүн оруулах буюу тэнцүү төлөөлөлтэй байхаар тооцон МАХН-аас УИХ-ын гишүүн Т.Ганди, Н.Энхболд, эвслээс УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, К.Сайран нар ажиллахаар санал болгосон байна. Үүн дээр бие даан УИХ-д сонгогдсон гишүүн Р.Амаржаргал тус хороонд орох хүсэлтээ илэрхийлжээ. Хэрэв түүнийг оруулбал энэ дэд хороо таван хүний бүрэлдэхүүнтэй болох юм. Ийм бүтцийг эвслийн бүлгийнхэн дэмжиж буй бол МАХН-ын бүлгийнхэн тус хороог цомхон байх ёстой хэмээн үзэж байгаа гэнэ. 2000-2004 онд Тусгай хяналтын дэд хороо гурван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байжээ. |