Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна (2004.08.26)

A- A A+
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна (2004.08.26)

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна (2004.08.26)

2000-2004 онд ажилласан УИХ бүрэн эрхээ шилжүүлэхийн өмнөхөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Ж.Бямбадоржийг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох тухай, Н.Чинбатыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолыг баталсан. Гэтэл УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг товлон зарлаж, чуулганы ажиллагаа эхэлсэн байхад өмнөх сонгуулиар байгуулагдсан УИХ чуулж дээрх шийдвэрүудийг гаргасан нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэг дэх хэсэг, 27 дугаар зүйлийн дөрөв дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан юм.  Энэ хоригийг хүлээн эсэх тухай УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа авч хэлэлцжээ. Хоригийг хүлээж авах эсэх асуудлаар санал хураахад “хүлээж авах боломжгүй” гэж олонхи нь үзжээ. Хууль зүйн байнгын хорооны 14 гишүүний 10 нь хуралд оролцсоны зургаа нь МАХН-ын бүлгийнх байлаа гэж “Өнөөдөр” сонинд мэдээлсэн байна.

Өнөөдөр болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан энэхүү хоригийг хэлэлцэнэ. “Өнөөдөр” сонины мэдээлснээс үзэхэд, МАХН-ын бүлэг хоригийг хүлээж авахгүй байхаар өчигдөр болсон хаалттай хуралдаанаараа шийдсэн сурагтай. Харин эвслийн бүлгийн гишүүд хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж буй аж. МАХН-ын бүлэг олонхи боллоо ч Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хэлэлцэх магадлалтай. Учир нь УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь ийм саналтай байвал хоригийг чуулганаар хэлэлцдэг хуультай.