УИХ-д зөвшилцлийн хороо ажиллана (2004.08.26)

A- A A+
УИХ-д зөвшилцлийн хороо ажиллана (2004.08.26)

УИХ-д зөвшилцлийн хороо ажиллана (2004.08.26)

УИХ-ын бүтцийг байгуулахаар ажилласан МАХН, «Эх орон-Ардчилал» эвслийн зөвшилцлийн ажлын хэсгийнхэн УИХ-ын Байнгын хороотой дүйх статустай Зөвшилцлийн хороо нэртэй шинэ бүтцийг парламентад байгуулахаар тохиролцоонд хүрсэн гэж ажлын хэсэгт МАХН-ын бүлгийг төлөөлсөн УИХ-ын гишүүн Т.Очирхүү, Г.Занданшатар нар сэтгүүлчдэд мэдээлсэн байна.  Зөвшилцлийн хороонд нам, эвсэл тус бүрээс зургаан хүн ажиллуулах бөгөөд энэ хороо УИХ-аас баталсан дүрмийн хүрээнд ажиллана. Талууд зөвшилцөж чадахгүйд хүрвэл Зөвшилцлийн хороонд асуудлаа тавина. Эндээс нэгдсэн шийдвэрт хүрч эс чадвал их эвслийн удирдлага буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар зөвлөлдөж дээд шийдвэрийг  гаргаж байх бололтой. Эцсийн шатанд тохирч чадахгүй бол тэр асуудлыг хойш нь тавьдаг байх хэрэгтэй гэж Зөвшилцлийн хороог санаачлагчид үзэж байна.

Мөн хорооны бүтцэд баримт бичиг боловсруулах үндсэн үүрэгтэй тус бүр дөрвөн хүний төлөөлөлтэй Зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулжээ. Бүрэлдэхүүнд нь МАХН-аас Ё.Отгонбаяр, Н.Энхболд, У.Хүрэлсүх, Ц.Мөнх-Оргил, эвслээс С.Баярцогт, Н.Батбаяр, П.Цагаан, Д.Дорлигжав нар томилогдсон аж.