Зөвшилцлийн хороо УИХ-ын гадна ажиллах бололтой (2004.08.27)
МАХН, «Эх орон-Ардчилал» эвслийн зөвшилцлийн ажлын хэсгийнхэн УИХ-ын Байнгын хороотой дүйх статустай Зөвшилцлийн хороо нэртэй шинэ бүтцийг парламентад байгуулахаар тохиролцсон тухай мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарсантай холбогдуулан УИХ дахь зөвшилцөх ажлын хэсгийн зарим гишүүн тайлбар хийсэн байна.
Зөвшилцөх ажлын хэсэгт эвслээс томилогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогтын ярьснаас үзэхэд энэ хороог яг ингэж нэрлэхээр тогтоогүй байгаа бөгөөд тус хороо УИХ, Засгийн газрын бүтцэд орохгүй нь бололтой. Зөвшилцлийн хороо нь их эвслийн нэг бүтэц болж, энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд ажиллана. Тус хороонд УИХ, Засгийн газрын төлөөллийг оруулахаар ярилцаж байна гэж С.Баярцогт “Өнөөдөр” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Түүнтэй адил санааг УИХ дахь МАХН-ын бүлгийн орлогч дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд мөн хэлсэн байна. “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр “УИХ-ын бүтцийн байгууллагыг хуулиар зааж өгсөн байдаг тул энэ хороог УИХ-ын бүтцэд оруулахгүй. Эвслийн үйл ажиллагааг зохицуулдаг байгууллага байхаар төсөөлж байна” гэж мэдэгдсэн байна.