Засгийн газрын нэр, бүтэц бүрэлдэхүүн, мөрийн хөтөлбөр хэзээ тодрох вэ? (2004.08.27) Эдгээр асуулт өнөө хэр эцэслэн шийдэгдээгүй байна. Сонин хэвлэлээр энэ талаар УИХ-ын зарим гишүүдийн ярьснаас үзвэл энэ бүх асуудал ирэх долоо хоногт багтан шийдэгдэх бололтой. Тухайлбал, УИХ дахь МАХН-ын бүлгийн орлогч дарга Н.Энхболдын ярьснаас үзэхэд /ЗМ сонин/ Засгийн газарт оноосон нэр өгөх нь зүйтэй талаар ажлын хэсэг дээр яригдаж байгаа аж. Гэхдээ энэ тухай маргаан өнөөг хүртэл тасраагүй байна. Юутай ч их эвслийн Засгийн газар гэдэг дээр тогтоогүй байгаа аж. Талууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах гол зарчмын санаануудыг ярилцаж байгаа гэж Н.Энхболд мэдэгджээ. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, мөрийн хөтөлбөр хоёрыг нэгэн зэрэг хэлэлцэнэ гэж тэр үзэж байна. Харин УИХ-ын гишүүн С.Баярцогтын хэлснээс үзэхэд /Өнөөдөр сонин/ хоёр тал /МАХН, эвсэл/ тохироод Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө баталчихвал түүндээ үндэслэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ гаргах аж. Бүтцээ баталбал хүмүүсээ шууд томилно гэж тэр хэлсэн байна. Их эвслийн гэрээ бэлэн болсон. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гол санааг нам, эвслийн бүлэг дээрээ хэлэлцээд Ерөнхий сайдад өгсөн байгаа гэж тэр мэдээлжээ. Түүнийхээр ирэх долоо хоногт багтаан эдгээр асуудлыг шийдчих бололтой. |