УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хоёр хоёр жилээр ээлжлэн хийхийг МАХН үгүйсгэхгүй байна (2004-09-03)
УИХ дахь МАХН-ын бүлэг
Ерөнхий сайдаас нам, эвслийн бүлгүүдэд зөвшилцөхөөр хүргүүлсэн Засгийн газрын
бүтэц, бүрэлдэхүүний талаар өчигдөр хэлэлцэж Ерөнхий сайд Ц.Элбэгдоржоос
мэдээлэл сонссон байна. МАХН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдаас Засгийн газрын
ямар зорилго, бодлоготой ажиллах, түүнд зохицуулан бий болгосон бүтэц нь ямар
бүрэлдэхүүнтэй байх талаар лавлаж, өөрсдийн саналыг илэрхийлжээ.
Юуны өмнө төрийн бодлогын уламжлалт чанарыг хадгалах, зах зээлийн эдийн засгийн үед төрийн оролцоог ямар салбарт хэр зэрэг хандуулах зэрэг асуудлыг МАХН-ын бүлгийн гишүүд асууж, Засгийн газрын бүтцийг аль нэг улстөрийн хүчин, хүмүүст зориулан бий болгохгүй байх, одоог хүртэл гүйцэтгэж ирсэн төрийн зарим үүргийг иргэний нийгмийн зохих байгууллагаар гүйцэтгүүлэх, эдийн засаг, санхүүгийн өнөөгийн хүрсэн түвшинг бууруулахгүй, цаашид өсөлтийг хангах чиглэлийг илүү баримтлах нь зүйтэй талаар Ерөнхий сайдад саналаа илэрхийлжээ. Мөн сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчдыг бүтцийн өөрчлөлт нэрээр хальж сольдог практикыг зогсоохыг Ерөнхий сайдад зөвлөсөн байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг зөвшилцөхийн зэрэгцээ тогтвортой, үр бүтээлтэй ажиллуулахад чиглэсэн гэрээ, дүрэмд бүлгийн гишүүд Засгийн газраас дутуугүй анхаарч байгаагаа илэрхийлж, ингэхгүй бол бүтэц, бүрэлдэхүүнийг шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ.
Мөн энэ үеэр МАХН-ын бүлгийн зарим гишүүн зөвшилцөгч талууд
УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хоёр хоёр жилээр ээлжлэн хашиж
болох тухай санаа хэлсэн байна. Энэхүү яриаг УИХ дахь МАХН-ын бүлгийн
орлогч дарга Н.Энхболд "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа үгүйсгээгүй
бөгөөд гадаадын зарим оронд ийм туршлага байдаг хэмээн
хэлжээ.