Засгийн газрыг 13 яам, 30 агентлагаас бүрдүүлэх санал гаргажээ (2004.09.03)
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Сайханбилэг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Тэрбээр мэдэгдэхдээ, Ерөнхий сайд томилогдсоноос хойш 20-иод хонож байна. Энэ хооронд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн барихад бэлэн болсон ажээ.
Төслийн хэмжээнд яригдаж байгаа саналаар бол яамдын тоо 11 байсныг 13 болгож, Засгийн газрын агентлагийн тоог арваар цөөрүүлэн 30 агентлагтай байх ажээ. Засгийн газрын одоогийн бүтцэд байгаа Дэд бүтцийн яамыг Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Түлш, эрчим хүчний яам болгон салгажээ. Мөн Боловсрол, соёл шинжлэх ухааны яамаас соёлын, Эрүүл мэндийн яамаас спортын, Дэд бүтцийнхээс аялал, жуулчлалын асуудлыг салган Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж шинээр байгуулах аж. Түүнчлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг Эрүүл мэндийн яамтай нэгтгэн Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөделмөрийн яам гэж нэрлэхээр болж байна. Санхүү, эдийн засгийн яамыг Сангийн яам болгон өөрчилж, санхүүгийн менежментийн асуудлыг хариуцуулж байгаа юм байна.
Засгийн газар Шадар сайдтай байх юм байна. Санхүү, эдийн засгийн сайд эдийн засгийн нэгдсэн бодлого, бүс нутгийн хөгжил, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг эрхлэн хамаарч байсныг тусгайлан салгаж Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд өгч байгаа аж. Засгийн газрын бүтэц ийнхүү өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудлын үндсэн хүрээнд зарим өөрчлөлтийг оруулж байгаа аж. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг мөн сайдын хэмжээнд аваачиж байгаа гэнэ.
Одоогоор нийт 40 агентлаг ажиллаж байгаа. Эдгээрээс зарим агентлагийн эрхэлж байгаа ажил чиг үүрэг нь тухайн харьяа яамны дотоод бүтцийн нэгжийн чиг үүрэгтэй давхцаж байна гэж үзээд зарим агентлагийн гүйцэтгэж байсан бодлогын чанартай үүргийг яаманд шилжүүлжээ. Тухайлбал, Зам тээврийн яам байгуулан, Авто замын газар, Тээврийн газар гэсэн агентлагуудыг татан буулгаж байгаа юм байна. Зарим чиг үүргийг улсын үйлдвэрийн газрын хэлбэрээр хэрэгжүүлэх, жишээ нь мал эмнэлэг үржлийн газрын бодлогын чанартай асуудлыг яам уруу татаж, аж ахуйн чанартай асуудлыг улсын үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэх чигтэй байна.
Засгийн газар одоогийн яригдаж буй саналаар дараахь бүтэцтэй байна:
1.Ерөнхий сайд
2.Шадар сайд
Ерөнхий чиг үүргийн яамд:
1. Гадаад хэргийн яам
2. Сангийн яам
3. Хууль зүй дотоод хэргийн яам
Чиг үүргийн яамд:
1.Байгаль орчны яам
2.Батлан хамгаалахын яам
3.Барилга хот байгуулалтын яам
4.Боловсрол, шинжлэх ухааны яам
5.3ам тээврийн яам
6.Соёл, спорт, аялал жуулчлалын яам
7.Үйлдвэр худалдааны яам
8.Хүнс, хөдөө аж ахуйн яам
9.Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
10.Түлш, Эрчим Хүчний Яам