Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд өргөн барих санал

A- A A+
Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслүүдэд өргөн барих санал

Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслүүдэд өргөн барих санал

Хүний эрх хөгжил төв болон орон нутгийн байгаль хамгаалах найман хөдөлгөөнөөс хамтран Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэн өөрчлөх гэж буйтай холбогдуулан энэ асуудалд холбогдох хууль тогтоомжид  нэмэлт өөрчлөлт оруулах саналаа өргөн мэдүүлжээ.

Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслүүдэд өргөн барих санал

Засгийн газар болон УИХ-ын зарим гишүүдээс өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг авч үзэхэд:

  1. Улсын төсвийн хөрөнгөөр геологи, хайгуул хийж,  нөөцийг  нь тогтоосон  ордуудын геологийн судалгаанд төрөөс зарцуулсан хөрөнгөөр  төрийн  эзэмших хувь хэмжээг гэрээ байгуулан тогтоох, хайгуулын лицензээр эзэмшиж байгаа талбайдаа ашиглалтын лиценз авахыг хүссэнээс бусад тохиолдолд ашиглалтын лицензийг дуудлага худалдаагаар олгох, лицензийн болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, лицензийг цуцлах үндэслэлд байгаль орчны үүргийн биелэлтийг хамааруулсан  зэрэг өөрчлөлтүүдийг  тусгасан  нь нэлээд дэвшилттэй болсон байна.     
  2.  Гэвч хуулиудын төслийг бүхэлд нь авч үзвэл лиценз эзэмшигчийн байгаль орчныг  хамгаалах үүргийн биелэлтийг сайжруулах, ашигт малтмалын  зөвшөөрлийн болон хяналтын тогтолцоон дахь  төсөл хэрэгжих  орон нутаг,  иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх талаар хангалттай болоогүй байна.

Иймд ашигт малтмалын хууль тогтоомжийг боловсронгуй болгож,  иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон  эрүүл аюулгүй орчинд амьдрах,  аж ахуй эрхлэх, оршин суух газар, эрхлэх ажил  мэргэжлээ чөлөөтэй сонгох   эрхүүдийн хэрэгжилтийг хангах,  байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан үлдэх  бодит шаардлагын   үүднээс Хүний эрх хөгжил төв болон байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнүүдийн зүгээс бодит баримтад тулгуурлан боловсруулсан дараахь  саналуудыг гаргаж байна

Нэг . Ашигт малтмалын тухай хуульд

  1. Хуулийн 4 дүгээр зүйлийн 19 дэх хэсэгт дараахь заалтыг нэмж оруулах:

4.19 “Оролцооны гэрээ” гэж нэг талаас ашигт малтмалын хайгуулын болон ашиглах лиценз авахыг хүссэн этгээд, нөгөө  талаас төсөл хэрэгжих     сумын Засаг дарга болон иргэдээс төсөл хэрэгжих явцад тухайн орон нутагт үзүүлж болох байгаль орчны болон нийгмийн сөрөг үр дагаврыг  бууруулах, арилгахад чиглэсэн  талуудын эрх үүргийг тогтоосон     тохиролцоог;

Шалтгаан нь:  Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас  орон нутгийн байгаль орчин, нийгмийн амьдралд үүсэх сөрөг нөлөөллийг арилгах талаар   нутгийн иргэд, нутгийн захиргааны байгууллага болон төсөл хэрэгжүүлэх компаний хооронд албан ёсоор гэрээ хийдэг олон улсын туршлага байдаг.   Энэхүү гэрээг “Оролцооны гэрээ” гэх бөгөөд  тухайн төслийн улмаас орон нутагт  үүсэж болох бүхий л сөрөг үр дагаврыг урьдчилан тооцож,  хэрхэн арилгах талаар  тохиролцсоны үндсэн дээр иргэдийн саналаар лиценз олгодог байх зохицуулалтыг хуульд оруулах нь чухал ач холбогдолтой юм.  Тухайн орон нутгийн иргэд ямар нэгэн мэдээлэлгүй байхад өвөлжөө бууцыг нь ухаад эхэлдэг тул ямар хэмжээний газрыг ашиглах, хэдэн жил болох, амьдарч ирсэн дадал заншлаа хэрхэн өөрчлөх нь тодорхойгүй болж хохирч байдаг.
           Гэрээний биелэлтэд нутгийн иргэд болон байгаль орчин, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллага хяналт тавьдаг байна. Гэрээгээр тодорхой хугацаанд дээрх арга хэмжээнд зориулан хичнээн хэмжээний хөрөнгийг зарцуулах болон тохиролцсон үйл ажиллагаануудыг  ямар хугацаанд хэрхэн гүйцэтгэх, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд  хүлээлгэх хариуцлага зэргийг тогтоодог байна. Жил бүр уурхайн үйл ажиллагаа зогсох үед гэрээний биелэлтийг дүгнэж, зохих арга хэмжээг авдаг байвал иргэдийн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгаалалтын арга хэмжээ болно.

  1. Мөн зүйлийн 20 дахь хэсэгт дараахь заалтыг нэмж оруулах:

4.20 “Экологийн эдийн засгийн үнэлгээ” гэж  газар, ус, амьтан, ургамал, ой, агаар мандал зэрэг байгаль орчны бусад баялгийн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг  өртгөөр илэрхийлснийг;

Шалтгаан нь: Монгол улсад байгаль орчны хохирлын хэмжээг тогтоох, экологи эдийн засгийн үнэлгээг гаргах аргачлал, стандарт  өнөөг хүртэл  байхгүй явж ирсэнээс хохирлын нөхөн төлбөр гаргуулах, гэм буруутай этгээдэд хариуцлага оногдуулахад ихээхэн хүндрэл учирч байна. Байгаль орчны экологи эдийн засгийн үнэлгээг хийх эрх бүхий субъектэд хандвал одоохондоо аргачлал байхгүй учраас тухайн компаний байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгийн хэмжээгээр л хохирлыг тогтоож өгье гэсэн бүрхэг хариулт өгдөг.  Нэгэнт сүйтгэгдээд өнгөрсөн  хойно нь  экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох гэж оролдох нь  бодитой байж чадахгүй  учраас  ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын  үйл ажиллагааг эхлэхээс өмнө тухайн газар нутгийн экологи эдийн засгийн үнэлгээг  гаргадаг байх, нөхөн сэргээлтийг тийм хэмжээнд хүртэл хийдэг байх зохицуулалтыг хуульд оруулж өгөх шаардлагатай байна. Жнь: Дорнод аймаг

  1. Хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4-т дараахь заалтыг нэмж оруулах

 6.4.4 Төсөл хэрэгжих  орон нутгийн багийн Иргэдийн Нийтийн Хурал ашигт малтмалын  хайгуулын болон ашиглалтын лиценз  олгоход санал өгөх;

Шалтгаан: Засгийн газрын өргөн барьсан төсөлд  лиценз олгоход аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзах, тэдгээр нь  30 хүртэл хоногийн дотор саналаа өгдөг байхаар тусгасан нь  нийгмийн бодит  шаардлагад болон Монгол улсын Үндсэн хуулийн 62.1 зүйл “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” мөн  Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын  тухай хуулийн 13.7 “Баг, хорооны Хурал дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд иргэний үндсэн болон журамт үүргийн биелэлтийг хангаж шийдвэрлэнэ” Монгол улсын журамт үүргийг Монгол улсын Үндсэн хуулийн 17.2 “…байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.“ гэсэн зүйлүүдттэй төдийлөн нийцэж чадаахгүй байна.  Ашигт малтмал олборлох явцад орон нутгийн амьдралд үүсэж болзошгүй сөрөг үр дагаврыг  хэрхэн арилгах талаархи багийн ИНХ-аар баталгаажсан иргэдийн саналыг харгалзах шаардлагатай нутгийн иргэд болон лиценз эзэмшигчдийн хоорондын тохиролцооны  үндсэн дээр тухайн орон нутагт төсөл хэрэгжих нь шаардлагатай байгна.төдийлөн нийцэж чадаагүй байна.  Ашигт малтмал олборлох явцад орон нутгийн амьдралд үүсэж болзошгүй сөрөг үр дагаврыг  хэрхэн арилгах талаархи  нутгийн иргэд болон лиценз эзэмшигчдийн хоорондын тохиролцооны  үндсэн дээр тухайн орон нутгийн  багийн ИНХ-аар баталгаажсан иргэдийн саналыг харгалзах шаардлагатай. Учир нь ашигт малтмалын үйл ажиллагааны жинхэнэ үр дагавар нь сум, тэр дундаа тухайн  багт оршин суудаг малчдын амьдралд шууд тусдаг учраас лиценз олгоход аймгийн Засаг даргын саналыг авах нь төдийлөн  оновчтой байж чадахгүй байгаа нь бидний жишиг хэргээс харагдаж байна. Жнь: Архангай аймгийн  Цэнхэр сумын Цэцэрлэг багийн ИНХ, Сумын ИТХын хурлын шийдвэр нь ашигт малтмаллын уурхай хэрэхлүүлэхгүй байгаль орчин нийгмийн амьдралд сөрөг нөлөөтэй гэж гарсан ч Аймгийн засаг дарга Хүрэлсүх нь зөвшөөрөл олгож алтны уурхай  үйл ажиллагааг явуулах боломжийг хийж өгсөн.

  1. Хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7, 8-д дараахь утгатай заалтыг нэмж оруулах

14.2.6.  Ашигт малтмалын хайгуулын лиценз олгохыг зөвшөөрсөн багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр.

14.2.7.  Оролцооны гэрээний  нэг  хувийг,

14.2.8.Хүсэлт гаргахаас өмнө авсан ашигт малтмалын хайгуулын лицензээр олгогдсон уурхайн эдэлбэр газартаа   байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа тухай Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6.4-т заасан эрх бүхий байгууллагын тодорхойлолт

Өмнө нь ашигт малтмал хайгуулын лиценз эзэмшиж  байгаагүй аж ахуйн нэгжийн хувьд  дээрх заалт хамаарахгүй байх

  1. Хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5,  6, 7-д дараахь заалтыг нэмж оруулах

18.1.5..  Ашигт малтмалын ашиглалтын лиценз олгохыг зөвшөөрсөн багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр.

18.16.6.  Оролцооны гэрээний  нэг  хувийг,

18.1.7.  Хүсэлт гаргахаас өмнө авсан ашигт малтмалын  ашиглах лицензээр олгогдсон уурхайн эдэлбэр газартаа байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа  тухай Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6.4-т заасан эрх бүхий байгууллагын тодорхойлолт

Өмнө нь ашигт малтмал ашиглах лиценз эзэмшиж  байгаагүй аж ахуйн нэгжийн хувьд  дээрх заалт хамаарахгүй байх

Шалтгаан нь : Хуулийн төсөлд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ 50 хувиас доош хэмжээнд биелүүлсэн байдал нь лицензийг цуцлах үндэслэл болохоор заасан нь сайшаалтай боловч нэг этгээдийн эзэмших лицензийн тоог хязгаарладаггүй өнөөгийн нөхцөлд лиценз олгох болон  шилжүүлэхэд ч  байгаль орчныг хамгаалах үүргийн биелэлтийг  харгалзан үзэх  шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм.

  1.  Хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 30 хоногийн дотор гэсний дараа дараахь заалтыг нэмж оруулах:

29.1. Экологийн эдийн засгийн үнэлгээ

Шалтгаан нь: Энэ хуулийн 4 зүйлийн 19, 20 дугаар зүйлүүдийн тайлбартай нэгэн адил

  1.  Хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайн  лиценз эзэмшигч нь гэсний дараа дараахь заалтыг нэмж оруулах:

30.1 Экологийн эдийн засгийн үнэлгээ
 
Шалтгаан нь: Энэ хуулийн 4 зүйлийн 19, 20 дугаар зүйлүүдийн тайлбартай нэгэн адил

  1. Мөн зүйлийн 13 дахь хэсэгт дараахь заалтыг нэмж оруулах:

  30.13. Сум /дүүрэг/-ын Засаг дарга нь жил бүр барьцаалагдсан хөрөнгийн зарцуулалтыг  сумын ИНХ, тухайн орон нутагт байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус  байгууллагуудад тайлагнана.

Шалтгаан нь:  Байгаль орчны  нөхөн сэргээлтийн төлбөрийн зохих хувийг  сумын дансанд байршуулдаг ч энэ нь ор нэр төдий явагддаг, үүний оронд суманд нэг машин авч өгөх ч юм уу, ямар нэг зүйл авч өгөөд  аргалдаг байдал газар авсан.  Иймээс нөхөн сэргээлтийн барьцааны мөнгийг  тухайн баг, сумын Иргэдийн Хуралд тайлагнан  хяналт тавьдаг  байх эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.

  1. Хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5-д дараахь заалтыг нэмж оруулах

40.2.5 Лицензийг шилжүүлэн өгч байгаа тал нь байгаль орчныг хамгаалах үүргээ хэрхэн биелүүлж байгаа тухай Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6.4-т заасан  эрх бүхий  байгууллагуудын тодорхойлолт

  1. Мөн зүйлийн 5 дахь хэсгийн 4-т дараахь заалтыг нэмж оруулах:

40.5.4 Лицензийг шилжүүлэн өгч байгаа талын байгаль орчныг хамгаалах  үүргээ биелүүлж байгаа эсэх,

Шалтгаан нь:  Лиценз шилжүүлэх явдал  чөлөөтэй байгаа өнөө үед  нэг лиценз  олон этгээдийн гар дамжиж, олборлолт явуулсан газрынхаа лицензийг бусдад шилжүүлснээр  байгаль орчныг  хамгаалах үүргийн биелэлт  эзэнгүйдэх байдал газар авсан.   Олборлолт явуулсан компаниас нөхөн сэргээлтийг шаардахаар манайх лицензээ шилжүүлчихсэн тул хариуцахгүй гэдэг,  шилжүүлж авсан этгээд нь   энэ газарт манайх олборлолт явуулаагүй учраас хариуцахгүй гэх мэт байдлаар бие бие рүүгээ түлхэж,  эцэст нь байгаль орчин хохироод үлддэг. Иймээс байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй лиценз эзэмшигчийн лицензээ шилжүүлэх эрхийг хязгаарладаг байх шаардлагатай байна. Жнь: Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Цагаан чулуутын хөндийн эхэнд 1121-А, 400А, 5639А лицензүүдийн  дагуу 2003 онд Монгол Газар ХХК нийт 664.5 га талбайд олборлолт явуулсан боловч нөхөн сэргээлт хийгээгүй орхиж явуулснаас үүдэлтэй 30 орчим м өндөртэй шороон овоолго үүсгэсэн байна. Мөн 15 м орчим гүн хиймэл нуур үүсгэсэн нь одоо хэвээр л байгаа. Тухайн үеийн сумын засаг дарга Ц.Болдтөмөр Монгол газар ХХК –д олборлолт явуулахад зориулан ус, газар ашиглах зөвшөөрл олгосон  захирамж гаргасан байна. Гэвч одоо нөхөн сэргээлт хийгээгүй орхисон талбайн Ашиглалтын лиценз Дун-Эрдэнэ ХХК-д шилжсэн боловч хоёр дунд нөхөн сэргээлт нь хийхгүй 3 жилийн нүүр үзэж байгааг ч дурьдах  хэрэгтэй байна.

  1. Хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн  дараахь заалтанд өөрчлөлт оруулах:

52.1.1 Энэ тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан торгуулийн дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.

  1. Хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дахь заалтынаж ахуйн нэгжид оногдуулах торгуулийн  хэмжээг 250 000 хүртэл төгрөгөөр гэснийг хасаж

52.1.4. Учруулсан хохирлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах

  1. Хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтынаж ахуйн нэгжид оногдуулах торгуулийн  хэмжээг 250 000 хүртэл төгрөгөөр гэснийг хасаж

52.1.5. Учруулсан хохирлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах

Шалтгаан нь: Нөхөн сэргээлтийг зохих ёсоор хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаа шаардлага тавьж, арга хэмжээ авдаг боловч оногдуулах захиргааны арга хэмжээний дээд хэмжээ нь 250 000 хүртэл төгрөгөөр торгох нь алтны компанид асуудал биш байдаг тул  шийтгэлийн үр нөлөө үзүүлдэггүй байна.

Хоёр . Захиргааны хариуцлагын тухай хуульд

  1. Хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт газрын тухай хууль тогтоомж гэсний дараа дараахь утгатай заалтыг нэмж оруулах:

Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4;5 дахь заалтыг гэж;
Шалтгаан: Нөхөн сэргээлтийг зохих ёсоор хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаа шаардлага тавьж, арга хэмжээ авдаг боловч оногдуулах захиргааны арга хэмжээний дээд хэмжээ нь 250 000 хүртэл төгрөгөөр торгох нь алтны компанид асуудал биш байдаг тул  шийтгэлийн үр нөлөө үзүүлдэггүй байна.

Гурав. Байгаль орчинд нөлөөлөх  байдлын үнэлгээний тухай хуульд

  1.  Хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дараахь утгатай заалтыг нэмж оруулах

     5.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг гол мөрний ай саваар нь хийнэ.  

Шалтгаан нь:  Гол, мөрний эх болон гольдиролд уул уурхайн үйлдвэрлэл  явуулах нь голын ай савын экологийн  тэнцвэрт байдалд нөхөн сэргээгдэхгүй өөрчлөлт авчирч болзошгүй байдаг.  Гэтэл байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг зөвхөн уурхайн эдэлбэр орших хэсэг газарт хийж, сөрөг нөлөө багатай гэсэн дүгнэлт гаргадаг нь хангалтгүй байдаг.  Жишээ нь: 1990-ээд оноос эхлэн Онгийн голын эх болох Буянт Бөөрөлжүүт, Нарийн гол, Өртөнт, Цагаан голуудын гольдиролд нийт 8 аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулсны үр дүнд өнөөдөр Онгийн голд цутгадаг 20 орчим жижиг гол горхи, булаг устаж үгүй болоод байна. Иймээс ч 497 км урсаж, Улаан нуурт цутгадаг Онгийн гол тасарч  сайр болоод байна. Иймд бие биеээсээ эх аван тэтгэгддэг голын ай савд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг бүхэлд нь үнэлгээ хийж, зөвшөөрөл олгодог байх зохицуулалт нэн шаардлагатай байна.

  1. Хуулийн 8 дугаар 2 дахь хэсэгт   дараахь утгатай өгүүлбэрийг нэмж оруулах:

 8.2 Хянан магадлагаа   хийлгэх хүсэлт гаргасан этгээдээс хянан магадлагаа хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлт гаргасан бол хөндлөнгийн ажиглагчаар оролцуулж болно.

Шалтгаан нь: Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон наривчилсан үнэлгээг төсөл хэрэгжүүлэх байгууллагын хүсэлтээр тэдний зардлаар  хийдэг тул байгаль орчинд сөрөг аюултай байгааг тодорхой үнэн зөвөөр нь гарган тавьж чадахгүй байгаа нь бидний ажиллаж буй жишиг хэргүүдээс харагдаж байгаа болно. Жнь: Архангай аймгийн Цэнхэр сумын Нарийн хамрын гол гэдэг газарт хийсэн үнэлгээ хийсэн хувийн үнэлгээний компани, ШУА-ын Гео экологийн хүрээлэн болох хөндлөнгийн шинжилгээний байгууллагуудын үнэлгээ хоорондоо зөрж байдаг. 
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөлд ашигт малтмал ашиглах лицензийн төлбөрийн 20 хувийг сумын  төсөвт оруулдаг байхаар тусгасан байна. Гэтэл улсаас суманд ирдэг төсвийн хөрөнгө энэ хэмжээгээр хасагдах  энэхүү хөрөнгийг сумын  төсөвт тусгах нь  тухайн орон  нутагт төдийлөн үр дүн өгөхгүй нь  ойлгомжтой юм. Иймд ашигт малтмал ашиглах лицензийн төлбөрийн зохих хувийг орон нутгийг хөгжүүлэх тусгай санд төвлөрүүлэн, тухайн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлын байр нэмэгдүүлэх,  нийгмийн бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулан зарцууладаг байх шаардлагатай юм.  

Төслийн санал өгсөн байгууллагууд:

  1. Хүний эрх хөгжил төв,
  2. “Онги голынхон” хөдөлгөөн Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгууд
  3. “Хөвсгөл далайнхан” хөдөлгөөн Хөвсгөл аймаг
  4. “Ариун суврага” хөдөлгөөн Архангай аймаг
  5. “Онон Улз голынхон” хөдөлгөөн Хэнтий, Дорнод аймгууд
  6. “Уугуул” хөдөлгөөн Өмнөговь аймаг
  7. “Хонгор нутгийн дуудлага” Баянхонгор аймаг
  8. “Тосон заамар” хөдөлгөөн Төв аймаг
  9. “Ардын элч” хөдөлгөөн Сэлэнгэ аймаг