З.Энхболдыг УИХ-д сонгогдогчдын жагсаалтад оруулахыг даалгасан байна (2004.09.08)
УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшигч З.Энхболд сонгогчдын саналын илүүгээр ялсан тухай тус тойргийн хорооны зургадугаар сарын 29-ны өдрийн тогтоолыг хүчин төгөлдөр болгож, түүнийг УИХ-д сонгогдогчдын нэрсийн жагсаалтад оруулахыг Сонгуулийн Ерөнхий хороонд даалгасан шийдвэрийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх өчигдөр гаргасан байна. СЕХ-ноос энэ тойрогт дахин санал хураалт явуулах тухай шийдвэрлэсэн тухай тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг шүүх шийдвэртээ мөн тусгасан ажээ.
Шүүгч Н.Дуламсүрэн шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа хэрэв энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл дараагийн буюу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй болохыг мэдэгджээ.
Харин хэн нэгэн нь давж заалдахгүй бол СЕХ шүүхийн шийдвэрийг дагаж биелүүлнэ гэж тус хорооны нарийн бичгийн дарга Д.Сүхбаатар мэдэгдсэн байна. Тэрбээр шүүх хуралд СЕХ-г төлөөлж хариуцагчаар оролцсон бөгөөд СЕХ-ны наймдугаар сарын 02-ны өдрийн тогтоол /дахин санал хураалт явуулах тухай/ хууль зүйн үндэстэй болохыг бид нотлохыг хичээсэн боловч нотолгоог шүүх авч хэрэгссэнггүй гэж үзэж байна. Гэхдээ СЕХ шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх боломжгүй гэж тэр хэлжээ.