Ерөнхий сайд Ц. Элбэгдорж Ерөнхийлөгчид бараалхав (2004.09.09)
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид өчигдөр Ерөнхий сайд Ц.Элбэгдорж бараалхан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүун, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зөвшилцөхөөр саналаа өргөн барилаа.
Өмнө нь 40 агентлагтай ажиллаж байсан бол арваар цөөлж, харин яамдыг 13 болгохоор төсөлд тусгасан. Мөн шадар сайд нэг, хоёр эрхэлсэн сайдын албан тушаалыг шинээр бий болгох бөгөөд эрхэлсэн сайд нар гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналтын байгууллагыг тус тус удирдан ажиллах юм хэмээн Ерөнхий сайд танилцууллаа.
Ерөнхийлөгч Н.Багабанди УИХ-ын сонгуулиас хойш хоёр сар хагасын хугацаа өнгөрсөн ч Засгийн газраа эмхлэн байгуулаагүй байгаа нь иргэдийн дунд хүлээлт бухимдал, төр, засгийн байгууллагад ч ажил цалгардуулах байдал бий болгож байна. Өвлийн бэлтгэл, ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Нефть бүтээгдэхүүний үнэ өсч, түүнийг дагаад бараа үйлчилгээний үнэ өртөг нэмэгдэн, ядуу дорой иргэдийн амьжиргаа улам бүр дордох хандлагатай байгааг онцлоод өргөн барьсан саналыг судлан үзэж хариу өгөх болно гэж Ерөнхийлөгч хэллээ гэж Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.