УИХ-ын дарга Н.Энхбаяр намуудын төлөвшил удаан байна хэмээн үзэж байна (2004.09.13)
УИХ-ын удирдлагууд өнгөрсөн ням гаригт сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийжээ. “Зууны мэдээ” сонины мэдээлснээр энэ үеэр УИХ-ын дарга Н.Энхбаяр өөрийн тэргүүлж буй парламентын онцлогийн талаар ярьсан байна. Тэрбээр энэ удаагийн УИХ-д улс төрийн хүчнүүд тэнцүүвтэр сонгогдсоноороо өвөрмөц юм гээд аливаа асуудлыг зевшилцлөөр шийдвэрлэх боломжтой хэмээн тэмдэглэсэн ажээ. Мөн улс орныг хөгжүүлэх, өмнөх жилүүдэд эхлэлийг нь тавьсан бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг үргэлжлүүлэхэд парламент нэгдмэл санаа зорилготой байна гэдэгт Н.Энхбаяр найдаж байгаа аж.
Парламент Засгийн газрын үйл ажиллагааг хянах, огцруулах эрхтэйгээрээ манай улсад парламентын засаглал давамгайлдаг. Өнөөгийн УИХ-д МАХН, Ардчилсан нам зэрэг томоохон нам болон бусад намын төлөөлөл сонгогдсон нь улстөрийн намууд төлөвшиж байгаагийн илрэл боллоо. Гэвч энэ төлөвшлийг хурдацтай гэж үзэж болохгүй хэмээн УИХ-ын дарга Н.Энхбаяр хэлжээ.