УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэх байсан боловч хойшилжээ (2004.09.14)
Өдөр тутмын зарим сонины /ӨС, ЗМ, Өнөөдөр зэрэг/ мэдээлснээс үзэхэд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр 17 цагаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хэлэлцэхээр хуралдаж эхэлсэн боловч хойшилсон байна.
МАХН-ынбүлгийндаргаД.Идэвхтэн "Их эвслийн Засгийн газрыг байгуулна гэж бид өнөөдрийг хүртэл зөвшилцсөөр ирсэн. Бусад улсын эвслийн Засгийн газрыг байгуулсан туршлагаар бол урьдчилж гэрээ байгуулдаг юм билээ. Тиймээс бид хоёр бүлгийн хооронд гэрээ байгуулж, гарын үсэг зурах хэрэгтэй байна. Иймээс гэрээгээ байгуулчихаад дараа нь хуралдах нь зүйтэй" гээд байнгын хорооны хурлыг хойшлуулах горимын санал гаргажээ. Түүний энэ санал нэлээд маргаан дэгдээсэн бололтой. Энэ тухайд эвслийн бүлгийн зарим гишүүн тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт, С.Ламбаа нар хуулийн дагуу байнгын хороо хуралдах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн ажээ. Үүнд гишүүн Д.Идэвхтэн "Зөвшилцлийг УИХ, Засгийн газар, Байнгын хорооны үйл ажиллагаанаас ангид ойлгож болохгүй. Зөвшилцөөгүй байж байнгын хороог хуралдуулна гэдэг ойлгомжгүй. Цаашид Засгийн газар тогтвортой ажиллахад гэрээ чухал" гэж тайлбарлажээ.
Энэ мэтчилэнгээр УИХ-ын гишүүд нэлээд маргасны эцэст УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Батболд Д.Идэвхтэний гаргасан горимын саналаар санал хураалгахад нийт гишүүдийн ихэнх буюу 14 нь дэмжсэн тул хурлыг хойшлуулжээ.