Хоёр хоёр жилээр ээлжлэн УИХ, Засгийн газрыг байгуулах тухай МАХН-ын бүлгийн саналыг Эвслийн бүлэг хүлээн авсангүй (2004.09.14)
"Эх орон-Ардчилал" эвсэл, МАХН-ын хооронд хамтарсан Засгийн газар байгуулахтай холбогдуулан гэрээ байгуулах шаардлагатай хэмээх МАХН-ын бүлгийн саналыг өчигдөр “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн хуралдаанаар хэлэлцээд хүлээн авахаас дахин татгалзсан байна.
Эвслийн бүлгийн хуралдаанаас гэрээг бүхэлд нь ярилцахаас татгалзан, энэхүү гэрээний нэгдүгээр заалт болох "талууд УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хоёр, хоёр жилээр ээлжлэн хашна" гэсэн асуудлын талаар санал бодлоо солилцсоны эцэст 100 хувийн саналаар уг асуудлыг хүлээж авах боломжгүй хэмээн үзлээ.
Эвслийн бүлгийн хуралдаанаас юуны өмнө Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ, Засгийн газарт өргөн барьсны дагуу холбогдох байнгын хороод болон парламентын чуулганаар хэлэлцэн, нэн даруй Засгийн газрын танхимыг бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзэв.
Мөн хүүхэд бүрт сар бүр олгох "Итгэлийн мөнгө - ирээдүй сан"-гийн талаар боловсруулсан хуулийн төслийг ойрын өдрүүдэд УИХ, Засгийн газарт өргөн барих нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ гэж УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлсэн байна.