Ерөнхий сайд УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хүсэлт тавьжээ (2004.09.16)
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэн, "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн дарга С.Оюун нарт албан бичиг хүргүүлж, хүсэлт уламжиллаа. Ерөнхий сайд албан бичигтээ "Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн хооронд хийгдсэн зөвшилцлийг үндэслэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон Төрийн захиргааны байгууплагуудын ерөнхий бүдүүвчийн тухай УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхий сайдаас УИХ-ын даргад есдүгээр сарын 10-ны өдөр мэдүүлснээс хойш нэлээд хугацаа өнгөрөөд байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийн төсөл зэрэг чухал баримт бичгүүд УИХ дахь зөвшилцлийг, шинэ Засгийн газар байгуулагдахыг шилээ даран хүлээж байна. Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шийдэгдэхгүй цаг алдаж байгаагаас шалтгаалан олон улсын санхүүгийн байгууллагууд, донор улс орнуудтай харьцах асуудалд хүндрэл учирч байна. Улс орны болон Засгийн газрын цаг үеийн ажлууд, тухайлбал, намрын болон өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц удааширч, орон нутгийн сонгуультай холбоотой асуудлууд тодорхой болоогүйтэй холбогдон төр, засгийн дунд, доод шатны байгууллагуудын ажил цалгардах хандлагатай болоод байна.
Шинэ Засгийн газраа, шинэ сайдуудаа хүлээсээр төрийн захиргааны төв байгууллагуудын ажлын эрч сулрах, эрх шилжих энэ үеийг далимдуулан зарим албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэх, улсын өмч хөрөнгө шамшигдуулж буй талаар мэдээ, мэдээлэл цөөнгүй ирэх боллоо. Үүнээс гадна дотоодын хуримтлагдсан асуудлууд, нөгөөтэйгүүр гадаад хүчин зүйлстэй холбоотойгоор үнийн огцом өсөлтүүд гарч, хүн амын амьжиргааны түвшинд шууд нөлөөлж эхэллээ.
Дээр дурдсан хүчин зүйлүүд нь УИХ-ын 2004 оны сонгуульд оролцож, УИХ дахь олонхийг хамтран бүрдүүлж байгаа нам, эвслийн нийгмийн салбарт амласан мөрийн хөтөлбөр, хийх ажлуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулах нөхцөл байдлыг бий болгож байна. УИХ-ын сонгуулиар хийсэн ард түмний сонголтыг хэрэгжүүлэх үйл явц ийнхүү удаашрах нь улс үндэстний нийтлэг эрх ашигт таагүй байдлаар нөлөөлж байгаа нь хэнд ч ойлгомжтой билээ.
Иймд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай багц асуудлыг шуурхай шийдвэрлэж, шинээр байгуулагдах Засгийн газрыг бүрзн эрхээ жинхэнэ утгаар нь хуулийн дагуу хэрэгжүүлэх, тулгамдсан олон асуудлыг шинэ бүтэц, бүрэлдэхүүнээрээ щийдвэрлэж эхлэх бололцоог цаг алдалгүй олгохыг УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдээс хүсч байна" гэжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.