УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвслийн сонгуүлийн зардлыг нийтэд мэдээлэв (2004.09.17)
УИХ-ын сонгуулийн хуулийн тавдугаар зүйлийн найм дахь хэсгийг үндэслэн УИХ-ын 2004 оны сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даагчдын сонгуулийн зардлын тайланг Сонгуулийн ерөнхий хороо нийтэд мэдээллээ.
Өнгөрсөн сонгуульд улс төрийн долоон нам, эвсэл оролцож, 15 иргэн бие даан нэрээ дэвшүүлсэн юм. Сонгуульд оролцсон бүх нам, эвсэл банкинд данс нээж, нийтэд зарлан уг дансанд сонгуулийнхаа зардлын санг төвлөрүүлэн зарцуулжээ. Нам, эвслүүдээс ирүүлсэн тайлан, Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Сонгуулийн санхүүгийн хяналтын албанаас хийсэн шалгалтын дүнгээс үзвэл сонгуульд оролцсон нам, эвслүүд зардлын сандаа 1560.7 сая төгрөг төвлөрүүлж, 1558.4 сая төгрөгийг зарцуулсан байна.
Тайлангаас үзвэл нам, эвсэл сонгуулийн зардлын санд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хандивын 54.9 хувийг бэлнээр авч, нийт зардлын 65.6 хувийг бэлэн мөнгөөр гүйцэтгэсэн байна. Ер нь хандивыг бэлнээр авах явдал бүх нам, эвсэлд гарчээ. Энэ нь УИХ-ын сонгуулийн хуулийн тавдугаар зүйлийн тав дахь хэсэгт "... Энэ дансанд тухайн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, талархан дэмжигч байгууллага, иргэдээс оруулсан хандивыг төвлөрүүлж мөн дансаар дамжуулан зарцуулна" гэсэн заалтыг зөрчсөн хэрэг юм. Түүнчлэн "Эх орон-Ардчилал" эвсэл иргэдийн хандивласан 1333.4сая төгрөгөөс 241.9 сая төгрөгийг сонгуулийн зардлын сандаа төвлөрүүлэн зарцуулж, 1091.5 сая төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байна.
МҮЭНН, МЛН, МБНН, МНН УИХ-ын сонгуулийн зардлын сангийн бүрдүүлэлт зарцуулалтын тайлангаа хуульд заасан хугацаанаас 6-33 хоногоор хожимдуулан ирүүлсэн тул тэдний дансанд үлдсэн мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шалгалтын явцад нам, эвслийн сонгуулийн ажилтан, шадар туслагч нарын цалингаас Хүн амын орлогын татварын тухай хуулийн дагуу 1962.7 мянган төгрөгийн татвар ногдуулаагүй байсныг санхүүгийн хяналтын улсын байцаагчийн төлбөрийн актаар нөхөн төлүүлэв. Мөн УИХ-ын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгч тус бүр 4-51.4 сая төгрөгийн зардал гаргасан байна. Тэдний дийлэнх нь банкинд зардлын сангийн данс нээлгүйгээр хандивыг бэлнээр авч, зарцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Харин УИХ-ын сонгуулийн 36, 55, 57, 59 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Ч.Оюунгэрэл, Ш.Гантөмөр, Л.Дамдинсүрэн, Д.Хувьтөгөлдөр нар сонгуулийн зардлын тайлангаа одоо хүртэл ирүүлсэнгүй гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Нам, эвслийн сонгуулийн зардлын сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын дүнг энд дарж үзнэ үү.