Орон нутгийн сонгуулийг ирэх долоо хоногт товлох бололтой (2004.09.17)
УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Су.Батболдын “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагаас үзэхэд орон нутгийн сонгуулийн товыг ирэх долоо хоногт зарлах бололтой. Тэрбээр хэлэхдээ, манай намын бүлэг орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын 10-нд явуулах нь цаг хугацааны хувьд тохиромжтой гэж үзэж байсан боловч "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгээс санал болгосон аравдугаар сарын 17-нд явуулахыг зөвшөөрч саналаа хүргүүллээ. Аймаг, нийслэлийн сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийг 21 хоногийн өмнө зарлах хугацаа багтахгүй байгаа учир ийнхүү эвслийн бүлгийн саналыг хүлээж авсан хэмээн мэдэгджээ. Гэхдээ энэ долоо хоногт УИХ-ын чуулган болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахгүй тул сонгуулийн товыг ирэх долоо хоногт зарлана байх хэмээн тэр хэлсэн байна.
МАХН-ын бүлэг УИХ-ын бүрэн эрхийн эхний жилд багтааж УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай хуульд хамтад нь нэмэлт өөрчлөлт оруулах байр суурьтай байна хэмээн тэрбээр мэдэгджээ.