УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хоёр хоёр жилээр ээлжлэхээр боллоо (2004.09.22)
УИХ дахь нам, эвслийн бүлгийн хамтарсан хуралдаанаас УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хоёр хоёр жилээр ээлжлэн хашихаар шийдвэрлэсэн байна.
Гэхдээ Засгийн газрын бодлогын уламжлалыг хангах үүднээс өмнөх Ерөнхий сайд Засгийн газрын Шадар сайдаар ажиллаж болно. Ерөнхий сайд Шадар сайдаас бусад Засгийн газрын гишүүдийн бүрэн эрх дөрвөн жил байхаар шийдсэн байна. Харин Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн томилогдсноос эхлэн хоёр жилийн хугацааг тооцохоор тогтжээ.
Хамтарсан хуралдааны шийдвэрт Ерөнхий сайд, шадар сайдыг орролцуулан талууд тэнцүү төлөөлөлтэйгээр Засгийн газрыг бүрдүүлэх бөгөөд сайд, дэд сайдыг солбицуулан томилох зарчмыг баримтлах, боловсон хүчний томилгоо 50:50 хувь гэдгийг зөвхөн улстөрийн албан тушаалтны хүрээнд ойлгоно гэж тодотгосон байна. Талууд улстөрийн албан тушаалтанд нэр дэвшүүлэх, томилохдоо өөрийн боловсон хчний бодлогын дагуу шийдэх, тухайн албан тушаалтан нь үүргээ гүйцэтгэх боломжгүй болбол дэвшүүлсэн тал дараагийн хүнийг санал болгохоор тохирсон ажээ.
УИХ дахь МАХН, “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн хуралдааны шийдвэрт хуралдааныг даргалагч МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэн, “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн дарга С.Оюун нар гарын үсэг зурсан байна гэж “ЗМ” сонин мэдээлжээ.