Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиудыг баталсан байна (2004.09.23)
УИХ-ын анхдугаар чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан байна.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Засгийн газрын тухай хуулийн төслүүдийг танилцуулахдаа, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин ажиллуулах, төсвийн зардлыг бууруулах үүднээс дээрх хуулийн төслүүдийг боловсруулсан хэмээн мэдэгдсэн байна.
Шинээр байгуулагдах Засгийн газар нь 13 яам, Ерөнхий сайд, Шадар сайд болон эрхэлсэн сайд хоёр гээд 18 гишүүнтэй байхаар болжээ. Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн хэлснээс үзэхэд яамдын тоо нэмэгдсэн ч одоо ажиллаж байгаа яамдын төсвөөс илүү гарахгүй бөгөөд давхардсан үүргийг нэг болгосноор 30 хувийн хэмнэлт гарах тооцоотой байгаа ажээ. Түүнчлэн Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд таван агентлаг байсан бол гурав болж, Төрийн өмчийн хороо, Тагнуулын ерөнхий газар, Мэдээлэл харилцаа, холбооны технологийн газрыг хамаарахаар болсон байна.