Нийслэлд сонгуулийн 40 тойрог ажиллахаар болжээ (2004.09.28)
Нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуулийн 40 тойрог байгуулж ажиллахаар болсон талаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Маналжав өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Дүүргүүдийн санал, хүн амын байршлыг харгалзан нийт 40 тойрог болгожээ. Баянзүрх дүүрэгт долоо, Хан-Уулд тав, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт тус бүр зургаа, Сонгино-Хайрханд найм, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт тус бүр нэг тойрог байгуулах аж. Захын гурван дүүргийг ижил тойрогтой болгохоор Налайхын нэг тойргийг Сонгино-Хайрхан дүүрэгт шилжүүлэн өгчээ. Хүн амын нягтрал, газар нутгийн хэмжээг харгалзан ийн зохион байгуулсан байна.
Сонгуулийн насны хүн амын тоо тойрог бүрт өөр өөр байна. Нэг тойргийн сонгогчдын тоо 10-23 мянгад хэлбэлзэнэ гэж Г.Маналжав ярьсан байна.