Шинэ Засгийн газрын анхдугаар хуралдаан өчигдөр боллоо (2004.09.30)

A- A A+
Шинэ Засгийн газрын анхдугаар хуралдаан өчигдөр боллоо (2004.09.30)

Шинэ Засгийн газрын анхдугаар хуралдаан өчигдөр боллоо (2004.09.30)

Шинэ Засгийн газрын анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлснээр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Хуралдаанаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрт МАХН, “Эх орон-Ардчилал” эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг тусгаж, шинээр батлагдсан Засгийн газрын бүтэц, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн дахин нягтлахаар шийдсэн байна.

Түүнчлэн 2004 оны Улсын төсвийн тодотголын төслийг эцэслэн хэлэлцээд, зарчмын хувьд зөвшөөрч, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Улсын төсвийн тодотголын хүрээнд шинээр байгуулагдсан Засгийн газрын .бүтцийн байгууллагуудыг шинэчлэн байгуулахтай холбогдон гарах санхүүгийн хуваарилалтыг зохицуулж батлуулах нь зүйтэй гэж үзсэн аж. Төсвийн тодотголын төсөлд тусгаснаар бол улсын төсвийн нийт алдагдлыг 99.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.8 хувь байх бололтой. Мөн хуралдаанаас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2005 оны улсын төсвийн төслийг хэлэлцээд, хуульд заасан хугацаанд буюу аравдугаар сарын1-нд багтаан УИХ-д өргөн барьж батлуулахаар болжээ.