“Эх орон –Ардчилал” эвслийн намууд нийслэлийн тойргуудад нэр дэвшүүлэх квотоо тохиролцож байна (2004.09.30)
Ардчилсан намын Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр, Нийслэлийн Ардчилсан намын хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр Улаанбаатар хотод эхэлж, орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцжээ. Энэ оны аравдугаар сарын 17-нд болох уг сонгуульд МАШСН, ИЗН-тай эвсэл болон оролцох тухай намын даргын оруулсан саналыг дэмжин АН-МАШСН-ИЗН-ын "Эх орон-Ардчилал" эвслийн гэрээ байгуулах эрхийг Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Алтангэрэлд олгожээ.
Гурван намын урьд нь байгуулсан Зөвшилцөх ажлын хэсгүүдийн тохиролцсоноор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 40 суудалд Ардчилсан нам 28, МАШСН 10, ИЗН хоёр нэр дэвшигчийг өрсөлдүүлэх квоттойгоор тохиролцсоныг уг хуралдаан дэмжсэн байна.
Нийслэлийн Ардчилсан намын хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр ажлаа үргэлжлүүлж гурвалсан эвслийн гэрээг батламжлан, 2004 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн "Эх орон-Ардчилал" эвслээс дэвшүүлэх Мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн баталж, тойргуудаа хуваах асуудлыг ярилцах юм байна.