Шинэ Засгийн газрын өмнө чухлаар тавигдах нэг асуудал бол нийгмийн тэгш байдлыг хангах явдал гэж М.Энхсайхан үзэж байна. ( 2004.10.04 )
Ардчилсан Намын дарга, "Эх орон-Ардчилал" эвслийн еренхий менежер М.Энхсайхан УИХ-ын намрын чуулганы нээлт дээр мөн үг хэлсэн байна.
Ардчиллын он жилүүдэд Монголын нийгэмд гарсан дэвшил байгаа ч социализмаас улбаалсан оюун санаа, сэтгэлгээний хоцрогдлоос салж чадахгүй байна. Тиймдээ ч үе үеийн төр, засгаас авсан арга хэмжээ нь нэг урагш явж, нэг хойшоо чангааж эргэж буцсан шинжтэй явж ирлээ хэмээн М.Энхсайхан үзэж байна.
Нийгмээ өөрчлөх тов тодорхой замнал гаргах шаардлага шинэ Засгийн газрын өмнө тавигдаж байна. Шинэ Засгийн газрын өмнө чухлаар тавигдах нэг асуудал нь нийгмийн баялгийн дахин хуваарилалтад тэгш байдлыг хангах явдал гэж үзэж байна. Монголын эдийн засгийн өсөлт нийт хүн амд тун ч бага хүртээлтэй байна. Шинээр бий болсон баялгийн ихэнхийг нийгмийн цөөн хэсэг авч, дийлэнхийн амьдралд наалдацгүй байна гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
"Эх орон-Ардчилал" эвсэл Ирээдүй сан байгуулья, Итгэлийн мөнгө олгоё гэсэн санааг дэвшүүлсэн. МАХН ч гэр бүл, хүүхдийг дэмжих өвөрмөц санаа гаргасан. Монголын улстөрийн том хүчнүүд хамтарч, зөвшилцөж байгаагийн хамаг утга учир үүнд л байх ёстой гэж М.Энхсайхан үзэж байгаа аж.
Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр үр дүнтэй хэрэгжих эсэх нь удахгүй болох орон нутгийн сонгуулиас ихээхэн хамаарна. Орон нутгийн сонгуулийг шударгаар зохион байгуулах, орон нутгийн удирдлага үндсэндээ зөвхөн нэг намын гарт байгаа байдлыг өөрчлөх нь шинэ Засгийн газрын үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох нөхцөлийг бүрдүүлнэ гэж ноён М.Энхсайхан хэлсэн байна.