Хөгжлийн их үүд хаалга нь цэлийтэл нээгдсэн Монгол орныг хүлээлгэж өгнө гэж Ц.Элбэгдорж амаллаа ( 2004.10.04 )
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж намрын чуулганы нээлт дээр үг хэлэв.
Тэрбээр, манай Засгийн газар эрх чөлөөт нийгмийн 10 гаруй жилийн туршлагатай, төрт ёсны 10 илүү зууны уламжлалтай улс орноо хүлээн авч байна. Бас шинэ нийгэмд хөлөө олоод явж байгаа цөөн, шинэ засаг байгуулагдах бүрт итгэл тавин хүлээдэг олон хүний хувь заяаг тосон авч байна. Өмнөх Засгийн газруудын өртөөлж үүрсэн, зориглож шийдсэн, шийдэж чадаагүй, шинээр бий болж байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг Засгийн газар хүлээн авлаа хэмээн өөрийн тэргүүлэх Засгийн газрыг тодорхойлсон байна.
Энэ Засгийн газрын үөд эрх зүйн шинэтгэлийг иж бүрэн, эрчимтэй хийж, төрийн үйлчилгээнд стандарт, түвшин тогтоож түүнийг хийж гүйцэтгэх ажилд олон нийтийн үүсгэл санаачлагын байгууллагууд, иргэдийг өргөнөөр татан оролцуулъя гэж Ерөнхий сайд Ц.Элбэгдорж тэмдэглэн хэлжээ.
Засаг захиргааны шинэтгэлийн бодлого бол энэ удаагийн хийх шинэтгэлүүдээс хамгийн дорвитой, зайлшгүй хийх ажлын нэг гэж тэрбээр үзэж байна. Төвлөрч байгаад хөгжих, хөгжиж аваад тэлье гэж Ц.Элбэгдорж уриалжээ.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж мөн Засгийн газар ядууралд дайн зарлаж байна. Энэ дайн хэдэн жил үргэлжлэхийг бид мэдэхгүй, гэхдэз монголчууд үүнд ялсан байх нь чухал гэж онцолсон байна.
“Эх орон-Ардчилал” эвслийн сонгуулийн гол амлалт болох Итгэлийн мөнгөний тухайд тэрбээр энэ мөнгөний эх үүсвэрийг олохын тулд Засгийн газар чадах бүхнээ, магадгүй чадлаасаа хэтэрсэн зарим зүйлийг хийхэд бэлэн байна гэжээ.
Энэ түүхэн цаг үед хамтарч ажиллах УИХ, Засгийн газар маань хойч үедээ доройтсон, оройтсон Монголыг биш, сэргэсэн хөгжсөн, хөгжлийн их үүд хаалга нь цэлийтэл нээгдсэн тийм орныг хүлээлгэж өгөх болно гэж Ц.Элбэгдорж үгээ төгсгөжээ.