Эдийн засгийн өсөлтийн нааштай хандлагыг бататгахыг УИХ-ын дарга Н.Энхбаяр чухалчилж байна ( 2004.10.04 )
УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Н.Энхбаяр үг хэлэхдээ, эдүгээ Монголын ардчилал өвөрмөц нэгэн сорилтод орлоо гээд энэ бол ямар нэгэн нам, улстөрийн хүчний хүсэл сонирхлын илэрхийлэл биш, бий болсон бодит байдал юм хэмээн дүгнэсэн байна.
Түүний үзэж байгаагаар, өмнөх жилүүдэд эхлүүлж бодитой үр дүнд хүрсэн бүсчилсэн хөгжил, эрчим хүч, мэдээлэл холбооны хөтөлбөрүүд, хоршоолол, жижиг дунд бизнесийг дэмжсэн бодлого, төсөв санхүүгийн болон татварын шинэчлэл, газар хувьчлал зэрэг томоохон арга хэмжээний үр дүнгээр эдийн засгийн уналт зогсч, жилийн цэвэр өсөлт зургаан хувиас доошгүй болсноор цаашдын тогтвортой өсөлтийн үндэс тавигдсан ажээ. Тэрчлэн макро эдийн засаг, нийгмийн гол үзүүлэлтүүдийн тэнцвэрт харьцаа сайжирч төсөв, санхүүгийн болон эдийн засгийн чадавхи нэмэгдэх боломж бүрджээ.
Харин цаашдын зорилт бол улс орны эдийн засагт бий болсон сэргэлт, өсөлтийн нааштай хандлагыг бататган хөгжүүлж, бодит бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн түүний үр өгөөжийг нийгэм, олон түмэнд бодитой хүргэх, үндэсний үйлдвэрлэл, жижиг, дунд бизнесийг дэмжиж олон улсын зах зээлд гарах боломжтой шинэ брэндүүдийг бий болгох замаар эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн чадавхийг сайжруулах ёстой гэж УИХ-ын дарга Н.Энхбаяр үзэж байна.
Эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх зорилтуудыг тэрбээр тодорхойлохдоо, хуулиудын уялдаа холбоог сайжруулан, давхардал болон өнөөгийн шаардлага хангахгүй байгааг арилгах, шинэчлэлтийн явцад гарч буй шинэ үзэгдэл, харилцааг эрх зүйн шуурхай зохицуулалтаар хангах гэсэн үндсэн чиглэлтэй байна гэжээ.
Удахгүй болох орон нутгийн сонгуулийн талаар ноён Н.Энхбаяр хэлэхдээ, сонгуульд улс төрийн нам, эвслүүд хуулийн дагуу шударга өрсөлдөх ёстой. Иргэдийн хурлын төлөөлөгчөөр улстөр, ажил хэргийн өндөр чадавхитай, ажил амьдралын баялаг туршлагатай, улстөр, ёс суртахууны соёлтой, нутаг орныхоо байдал төлөвийг нарийн сайн мэддэг, тухайн аймаг, сум, дүүргээ хөгжүүлэх сайн хөтөлбөр дэвшүүлсэн шилдэг тэргүүний хүмүүс сонгогдох ёстой гэж онцолжээ.