Зөвшилцөл нэрээр ардчиллыг хумиж болохгүй гэж Ерөнхийлөгч Н.Багабанди анхаарууллаа ( 2004.10.04 )

A- A A+
Зөвшилцөл нэрээр ардчиллыг хумиж болохгүй гэж Ерөнхийлөгч Н.Багабанди анхаарууллаа ( 2004.10.04 )

Зөвшилцөл нэрээр ардчиллыг хумиж болохгүй гэж Ерөнхийлөгч Н.Багабанди анхаарууллаа ( 2004.10.04 )

УИХ-ын намрын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди үг хэлэхдээ, ард түмэн өөрсдийн сонгож байгуулсан УИХ, Засгийн газраасаа их зүйлийг хүлээж байна. Хүлээлгэсэн итгэлийг зүтгэлээр, хүсэл хүлээлтийг бодит ажлын үр дүнгээр хариулж, төр түмний үйлсийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх нь та бүхний хүлээсэн үүрэг хэмээн УИХ-ын эрхэм гишүүдэд хандан сануулжээ.

УИХ, Засгийн газар бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлбэл зохих зорилтын талаар Ерөнхийлөгч Н.Багабанди онцлохдоо:

  • Ажилгүйдэл, ядуурлыг дорвитой бууруулахад чиглэсэн тодорхой бодлого, зорилт, дэс дараатай арга хэмжээг тууштай хэрэгжүүлж үр дүнд хүргэх,
  • Ард иргэдийнхээ нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн нийгмийн ухаалаг, хүчтэй бодлого хэрэгжүүлэх,
  • Төрийн удирдлагыг боловсронгуй болгож, төрийн үйлчилгээг ард иргэдэд чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэх, төрийн албыг бэхжүүлэх,
  • Төр, засаг олон түмэнд нээлттэй, ил тод ажиллах, хяналт тавих боломжтой, хариуцлага хүлээх чадвартай, илүү шат дамжлага, элдэв чирэгдэлгүй байх, улстөрийн намуудын тухай хуулийг төрийн шинэтгэл, эрх зүйн бодлоготой уялдуулан шинэчлэх,
  • Эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны үр өгөөж, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх зэргийг чухалчлан авч үзжээ.

Монголын ард түмий мэргэн сонголт, эв нэгдэл, хамтын хүчин чармайлтаар олж авсан үнэт зүйл-ардчиллыг бэхжүүлж бататгах нь манай улс өөрөө хөгжин дэвжих, цаашид дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах, олон улсын нэр хүндээ өргөх үндсэн нөхцөл мөн гэж Ерөнхийлөгч Н.Багабанди хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн байна.

Зөвшилцөл нэрээр ардчиллыг хумиж болохгүй. Хүн бүр чөлөөтэй оролцож, саналаа ил тод хэлж, олон талаас нь ярилцан мэтгэлцсэний дүнд олонхийн саналаар шийдсэн асуудал л зөвшилцлийн үндэс болно. Эцсийн дүндээ УИХ-ын гишүүд нь дээд удирдлага дахь цөөн хүний зөвшилцлийн дуулгавартай зарц нар биш, тэдний үг, шийдвэрийг сохроор дагалдагч бүр ч биш гэж Ерөнхийлөгч Н.Багабанди үзэж байна.