Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах асуудлаар уулзалт боллоо (2004.10.11)

A- A A+
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах асуудлаар уулзалт боллоо (2004.10.11)

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах асуудлаар уулзалт боллоо (2004.10.11)

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах асуудлаар төр, засгийн удирдлагууд өнгөрсөн бямба гаригт “Их тэнгэр” цогцолборт цугларч ярилцсан байна. Уулзалт ярилцлагыг УИХ-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар удирдан явуулж, УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн болон МАХН-ын бүлгийн дарга нар, Байнгын хорооны дарга нар, Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдын ажлын алба болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын холбогдох албаны хүмүүс оролцжээ.

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хамтран хэлэлцэх нь улстөрийн хувьд чухал шийдэл гэж үзэж энэ арга хэмжээг санаачилжээ. Түүнийхээр энэ бол УИХ-ын удирдлага, Засгийн газрын гишүүдийн ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ аж.

Уулзалтад оролцогчид төрийн албыг цомхон, мэргэшсэн, чадварлаг болгож шинэчлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөн зохион байгуулж бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийн зорилтод нийцүүлэх, татварын бодлогод реформ хийж эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх хөшүүрэг болгох, төсөв, санхүүгийн тогголцоог эрүүлжүүлэх, хууль, эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх, тэр дундаа Монгол Улсын Үндсэн хуулийг улам боловсронгуй болгож сайжруулах, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг асуудлаар санал солилцсон байна.