Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд таван субьект оролцоно (2004.10.11)
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 40 тойрогт нийт таван субьект оролцоно хэмээн СЕХ-ны гишүүн, НИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Маналжав мэдэгдсэн байна. МАХН, «Эх орон-Ардчилал» эвсэл бүх тойрогт, Уламжлалын нэгдсэн нам 37, БНН 17, Ногоон нам хоёр тойрогт нэр дэвшүүлж өрсөлдөхөөр болсон гэж тэрбээр “Өнөөдөр” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Бас бие дааж долоон хүн өрсөлдөхөөр болжээ.
УИХ-ын сонгуулиас орон нутгийнх сонгууль юугаараа ялгаатай болох талаар тэрбээр ярихдаа, тус тусдаа хуультай байдаг гэжээ. Орон нутгийн сонгуульд тухайн нутаг дэвсгэрт бүртгэлтэй иргэд оролцож дэвсгэр нутгийнхаа удирдлагыг сонгодог. Тэрчлэн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид уулзалт хийж, ухуулгын матөриал тараахаас өөр сурталчилгаа хийх эрхгүй аж. Мөн сонгуулийн тов зарлахаас санал өгөх хүртэлх хугацаа нь өөр өөр байдаг. УИХ-ын сонгуулийг 75 хоногийн өмнө зарладаг бол орон нутгийн сонгуулийн хугацаа 21 хоног ажээ. Сонгогчдод үнэмлэх олгодоггүй, зөвхөн иргэний үнэмлэхээр сонгуульд оролцоно. Хоёр хуудсаар санал өгнө. Өөрөөр хэлбэл, нийслэлийн болон дүүргийн хурлаа сонгоно.
Шилжилт хөдөлгөөн санал хураалтад нөлөө үзүүлэхгүй гэж Г.Маналжав үзэж байна. Хаягийн бүртгэлийг нь харгалзаж л санал өгүүлэх буюу хаана бүртгэлтэй байна, тэндээ л санал өгнө юм байна.