Орон нутгийн сонгуульд сонгогчдын ирц хүрэхгүй байх болгоомжлол байгааг СЕХ-ны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар үгүйсгэсэнгүй (2004.10.14)
УИХ-ын 2004 оны сонгуулийн үеэр гарсан, зөөврийн хайрцгаар нэг нь нөгөөгөө ялдаг байдлыг энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үеэр дахин гаргахгүй гэж СЕХ- ны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар орон нутгийн сонгуулийн асуудлаар “Үнэн” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Зөөврийн хайрцгаар санал авах талаар СЕХ нарийн журам гаргажээ. Зөөврийн хайрцгаар санал өгөх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг урьдчилан нарийвчлан гаргаад зөвхөн тэр хүмүүсийнхээ саналыг явж авах, нэмж хүний саналыг авахгүй байхаар журамд тусгасан ажээ.
Орон нутгийн сонгуульд сонгогчдын ирц хүрэхгүй байх болгоомжлол байгааг тэрбээр үгүйсгэхгүй байна. Үүнийг тэрбээр тайлбарлахдаа, 2000 оны орон нутгийн сонгуульд нэлээд хэдэн газарт дахин санал хураалт явагдсан болон УИХ-ын сонгууль дуусаад удаагүй учир сонгогчдын идэвх, сонирхол буурсан байж болзошгүй гэж хэлжээ. Түүний ярьснаас үзэхэд сонгогчдын ирцийг бүрдүүлэхийн тулд зохион байгуулалтын болоод ухуулга сурталчилгааны ажил явуулахад Сонгуулийн ерөнхий хороо нэлээд анхаарч байгаа аж.
Орон нутгийн сонгуульд ажиглагчдыг боломжийн хэмжээгээр, харилцан адил байлгах зарчмаар оролцуулах бодлого барьж байна гэж СЕХ-ны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар бас мэдэгджээ. Орон нутгийн сонгууль нь тухайн орон нутгийн түвшинд зохион байгуулагддаг тул орон нутгийн нам, эвслийн салбар байгууллагын оролцоо хүчтэй байх ёстой гэж тэрбээр үзэж байна. Энэ мэт онцлогтой уялдан бүх асуудал тухайн орон нутагтаа шийдэгдээд явах учиртай ажээ.
Хуурамч иргэний үнэмлэх худалдаж байна гэх мэдээлэл, хугацаат цэргийн албан хаагчид болон нийслэлд сурч буй оюутнуудыг орон нутгийн сонгуульд оролцуулах хүсэлтийн талаар Ж.Сүхбаатар хэлэхдээ, эхний асуудал бол хуулийн байгууллагад хандах асуудал гээд ер нь СЕХ -ны эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар гомдол санал ирч байна гэжээ. Хуульд байнгын оршин суугч л орон нутгийн сонгуульд оролцохоор заасан байдаг. Гэхдээ байнгын оршин суугч гэдгийг тухайн иргэний үнэмлэхийн хаягаар тодорхойлно. Гэтэл хугацаат цэргийн албан хаагчийн хаягийг шилжүүлдэггүй, зөвхөн тухайн орон нутгийн засаг захиргаандаа бүртгэлтэй байдаг. Цэргийн алба хаахаар ирсэн хүн бүрийн хаягийн шилжүүлэг хийгээд бүртгээд байвал цэргийн бие бүрэлдэхүүний тоо ил болно. Энэ нь төрийн нууцад хамаардаг. Тэгэхээр хугацаат цэргийн албан хаагчид орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй байгаа юм. Харин оюутнуудын хувьд хоёр талтай. Хөдөө орон нутгаас нийслэлд сурч буй оюутнууд байнгын оршин суугчаар бүртгүүлж болно. Гэтэл тухайн орон нутагтаа бас байнгын оршин суугч. Тэгэхээр тэд хоёр газар санал өгөхөд ямар ч хяналт хязгаарлалт үгүй. Тухайлбал Төв аймгийн Зуунмод хотын оюутан өглөө нь нийслэлд саналаа өгчнхөөд үдээс хойш Зуунмоддоо очоод саналаа өгөхийг үгүйсгэхгүй. Энэ нь Сонгуулийн зохион байгуулалтад нөлөөлж будлиан үүсгэнэ гэж СЕХ-ны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар үзэж байгаа ажээ.