УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бодлого барина (2005.07.06)

A- A A+
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бодлого барина (2005.07.06)

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бодлого барина (2005.07.06)
Жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийн тухай хуулийн төслийг УИХ-аас боловсруулж байгаатай холбогдуулан энэ хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас “Өдрийн сонин” тодруулга авчээ. Түүний хэлснээс үзвэл ажлын хэсэг энэ оны гуравдугаар сараас эхлэн  төсөл дээр ажиллаж өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас санал авахуулахаар хүргүүлсэн байна. Үүний дараа бизнесийнхэн, төрийн байгууллагуудболон хэвлэл мэдээлэл, интернэтээр дамжуулан олон нийтэд танилцуулж хэлэлцүүлнэ хэмээн тэрбээр мэдэгджээ.

Одоогийн байдлаар хуулийн төсөл таван бүлгээс бүрдэж байгаа бөгөөд гуравдугаар бүлэг нь ЖДҮ-ийг дэмжих сангийн тухай аж. Бие даасан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, хүчин чармайлтыг төрөөс дэмжих бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэх, шударгаар өрсөлдөн хөгжих эрхзүйн таатай орчинг бүрдүүлэхэд хуулийн гол зорилт оршиж байна. Хуулийн төсөлд жижиг дунд үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, тэднийг дэмжих сангаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах, даатгалын зарим үйлчилгээгээр хангахыг тусгажээ.

Олон улсын худалдааны байгууллагаас манай улсын бизнесийн салбарт явуулсан судалгаагаар Монголд 25 мянган аж ахуйн нэгж байгаагийн 90 орчим хувь нь ЖДҮ-ийн ангилалд багтаж байна. Гэхдээ Ази, Европын хөгжингүй орнуудтай харьцуулахад манай ЖДҮ нь бичил бизнес эрхлэгчдийн ангилалд багтдаг ажээ. Судалгаанаас үзэхэд хөгжингүй орнуудын бизнесийн салбарт жижиг, дунд үйлдвэрлэлийн эзлэх хэмжээ 40-60 хувьтай байгаа бол энэ үзүүлэлт манайд харьцангуй өндөр байгаа нь эдийн засгийн чадавх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд ЖДҮ-ийн оролцоо их байгааг харуулж байна гэж УИХ-ын гишүүн Д.Ганхуяг үзэж байна. Дэлхийн банкны экспертүүдийн хийсэн судалгаагаар  манай улсад ажилгүйдэл, ядуурал буурахгүй байгаа гол шалтгаан нь боловсруулах үйлдвэрлэл хөгжихгүй байгаатай холбоотой гэсэн дүгнэлт гарсан тул ойрын жилүүдэд үйлдвэрлэлийн салбарыг илүүд дэмжих бодлого барина гэж тэрбээр ярьжээ. Ялангуяа нөхөн үйлдвэрлэгддэг, үндэсний онцлогтой, түүхий эдийг гүн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхийг чухалчилна гэжээ.