Монгол улсын 2004 оны нэгдсэн төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан Ардчилсан намаас гаргасан мэдэгдэл

A- A A+
Монгол улсын 2004 оны нэгдсэн төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан Ардчилсан намаас гаргасан мэдэгдэл

Монгол улсын 2004 оны нэгдсэн төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан Ардчилсан намаас гаргасан мэдэгдэл

“Монгол улсын 2004 оны төсвийг УИХ-аар эцэслэн батлав. 2004 он УИХ-ын сонгуулийн жил. Иймээс түмнээ ядуурлаас аврах амлалтаар олон түмнээ хуурсан МАХН-ыг ирэх оны төсөвт зарчмын шинэ үзэл баримтлалаар хандана гэдэгт сонгогч олон түмэн итгэж, найдан суусан нь талаар өнгөрлөө. УИХ-аас батлагдсан төсөв нь олон түмний урмыг хугалсан, туйлын хариуцлагагүй баримт бичиг боллоо гэж Ардчилсан нам үзэж байна.
         1. Төсөв бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах асуудал иргэдэд ил тод байх учиртай. Гэтэл энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг бүхэлдээ олон нийтээс далд явагдсаныг илт буруу практик гэж Ардчилсан нам үзэж байна.
        2. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг ирэх онд 6 хувиар өсгөхөөр төлөвлөсөн ч энэхүү өсөлтийг хангах бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд олигтой анхаарал тавиагүй байна. Татварын ачаалал 1999 онд 19,6 хувь байсан бол 2003 онд 29,9 хувь болж нэмэгдсэн бөгөөд ирэх онд ч хэвээр хадгалагдахаар үлджээ. Татварын ачааллыг 10 пунктээр бууруулахаар тогтсон нь зөвхөн 150 аж ахуйн нэгжид хамааралтай шийдвэр болсон байна. Иймээс аж ахуйн нэгжийн 99 хувийнх нь татварын ачааллыг урьд байсан түвшинд нь үлдээж, нийт аж ахуй нэгжийн орлогын татварын ачааллыг 30 хувиар бууруулах амлалтаа Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэхгүй, зээлийн хүүг цаашид бууруулахгүйгээр төсвийн хуульд тусгасан байна. 1999 онд татвараар 182 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол ирэх онд 452 тэрбум төгрөгийн татвар хураахаар төлөвлөжээ. Энэ нь үнэн чанартаа татвар бараг 3 дахин нэмэгдсэн хэрэг юм. Татварын дарамт үйлдвэрлэлийн эрчимтэй өсөлтийг боймлож, ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхөд хүргэж байгааг Ардчилсан Нам дахин тэмдэглэж байна.
        3. Монгол улсын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувьтай тэнцэх болж, үндэсний аюулгүй байдалд аюул тулгарч байхад энэ ноцтой асуудлыг шийдвэрлэх талаар дорвитой алхам төсвийн хуульд тусгагдсангүй. Үр ашигаараа эргэн төлөх тооцоогүй зээлээр амьдрах ухваргүй бодлогоо үргэлжлүүлж буйг Ардчилсан нам буруушааж байна.
        4. 2004 онд өмч хувьчлалаар төсөвт 14 тэрбум төгрөг оруулахаар тусгасан боловч олон түмний үе үеийнхний хүч хөдөлмөрөөр бүтээгдсэн үнэ цэнэтэй хөрөнгийг хувьчлах явцад үүссэн будлиан, түр зуурын ашигт хөтлөгдсөн үр ашиггүй шийдвэрүүдийг залруулах арга хэмжээ төсвийн хуульд тусгагдаагүй нь Засгийн газар хувьчлалын гажуудлыг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн гэж ойлгоход хүргэж байна.
       5. 2004 оны улсын төсвийн зарлага 1999 оныхоос 2 дахин их буюу 664 тэрбум төгрөгөөр төлөвлөгджээ. Улсын төсвийн алдагдал 86 тэрбум төгрөгт хүрээд байхад төрөөс үзүүлэх бараа, ажил, үйлчилгээний зардлыг бүхэлд нь өсгөхөөр төсөвлөсөн байна. Төрийн түшээд ирэх онд бичиг хэрэгтээ 3,3 тэрбум, гэрэл түлш халаалтандаа 45,3 тэрбум, унаа машиндаа 11,6 тэрбум, хоол унд, дайллага цайллагандаа 19,6 тэрбум, дотоод, гадаад томилолтдоо 5,8 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Үүний хамт 2004 оны төсвийн хуульд төвлөрсөн төсвийн болон орон нутгийн төсвийн хуваарилагдаагүй зардал, болзошгүй зардал, төрийн өмнөөс гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний зардал, төвлөрсөн арга хэмжээний зардал, Засгийн газрын болон орон нутгийн нөөц хөрөнгө зэрэгт 40 орчим тэрбум төгрөг төсөвлөв. 2003 онд Засгийн газрын хуваарилагдаагүй зардал гэгч 10 гаруй тэрбум төгрөгийн зарцуулалтыг Засгийн газар сөрөг хүчнээсээ, татвар төлөгчдөөсөө нууцалсан ч сайд дарга нар нь хэдэн арван саяар нь халааслан гадаадад эмчилгээ, сургалтанд явах, өөрсдийгөө дэмждэг сонин, мэдээллийн хэрэгслүүдийг санхүүжүүлэх, МАХН-аас нэр дэвшигдэн сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо төсвийн хууль бус зарцуулалт жил бүр хийх зэргээр үрдэг нь тодорхой болоод байна. Төсвийн зарцуулалт нь тодорхойгүй, хууль бус ийм төлөвлөлт нь эрх баригчдын бусармаг ажиллагааг далдлан өөгшүүлдэг учраас Ардчилсан нам татвар төлөгчид, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс уг асуудалд эрс шүүмжлэлтэй ханддаг бөгөөд эрх баригчид татвар төлөгчдийн энэ их мөнгөөр ирэх оны сонгуулийн компаниа явуулахыг ч үгүйсгэх аргагүй байна. Энэ бүхэн төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн утга санааг ноцтой гажуудуулсны үр дагавар, бодлогын алдааг нотлож байна.
          6. МАХН нь 2000 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан «хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин, төсвийн байгууллагын ажиллагсадын цалин хөлсийг 2 дахин тус тус нэмэгдүүлэх, ажилгүйдлийг 50 хувиар багасгах, төрийн өмчийн эмнэлэгүүдэд үзлэг оношлогоо, шинжилгээг үнэ төлбөргүй болгох, өндөр настан олон хүүхэдтэй эх, насанд хүрээгүй хүүхдүүд , тахир дутуу иргэдэд эмнэлэгийн тусламжийг үнэ төлбөргүй үзүүлэх, тариа эмний үнийг иргэдээс гаргуулдагийг арилгах, ядуу өрхийн хүүхдүүд, малчны болон 2-оос дээш хүүхэд нь зэрэг суралцдаг айлын 1 хүүхдийн сургалтын төлбөрийг төр даах, эмзэг бүлгийн болон 3-аас дээш хүүхэдтэй өрхийн хүүхдийг хичээлийн хэрэгслээр үнэ төлбөргүй хангах» зэрэг амлалтуудаа хэрэгжүүлэх бодит алхамуудаа ирэх оны төсвийн тухай хуульд огт тусгаагүй байна.
       7. Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө Ардчилсан хүчнээс нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын дөрвөн гишүүнийг илт ялгаварлан гадуурхсан ажиллагаа явуулж байгааг Ардчилсан нам буруушааж байна.
        Энэ бүхнээс үзэхэд Монгол улсын 2004 оны төсвийн хууль нь татварын ачааллыг хэвээр хадгалж, эдийн засаг дахь бизнес орчинг боогдуулж, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын шинэчлэлийг үр өгөөжгүй байдалд хүргэсэн, гадаад худалдаа 160 сая ам.доллар, улсын төсвийн тэнцэл 86 тэрбум төгрөгөөр тус тус алдагдсан, МАХН-аас сонгогчиддоо амалсан гол гол амлалтаа умартсан, бодлогын ноцтой алдаатай, сонгуулийн компанийг хууль бусаар санхүүжүүлэх элдэв заль мэх агуулсан төсөв болжээ гэж Ардчилсан нам үзэж байна”. гэж уг мэдэгдэлд дурджээ.