Ардчилсан намын мэдэгдэлтэй холбогдсон СЭЗЯ-ны байр суурь
Ардчилсан намын гаргасан мэдэгдэл ба бодит байдал
“Өдрийн сонин”-ы 12 дугаар сарын 2-ны өдрийн дугаарт “2004 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргасан тухай” мэдээлжээ.
Ардчилсан нам “2004 оны төсөв нь олон түмний урмыг хугалсан, туйлын хариуцлагагүй баримт бичиг боллоо” гэж энэ мэдэгдлээрээ нотлохыг оролдсон бололтой. Харамсалтай нь дурдсан баримт, жишээ, дүгнэлтээрээ эдийн засаг, нийгмийн бодлогын баримт бичиг болох улсын төсвийн утга агуулга, мөн чанарыг ойлгож танин мэдэх чадвар дутмаг болохоо нотлон харууллаа.
Ирэх 2004 оны улсын төсөв нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалт, арга хэмжээ нэг бүрийг бүрэн хэрэгжүүлж дуусгахад шаардагдах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлсон, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудтай бодлого, чиглэлээ зөвшилцөж тохиролцсон, тэдний сайшаан баталсан, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах хөтөлбөр, стратегийн баримт бичгийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан, дотоод, гадаад эх үүсвэр нь уялдаж тэнцвэржсэнээрээ өмнөх онуудын төсвөөс ялгаатай юм.
Ирэх оны төсөв нь “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль” хэрэгжсэн цоо шинэ нөхцөлд олон улсын нийтлэг аргачлал, арга зүйг үндэслэн зарчмын огт өөр үзүүлэлт, шалгуураар боловсрогдсон төсөв юм. Тийм ч учраас хэдэн жилийн өмнөх сэтгэлгээ, үзүүлэлтээр түүнд дүгнэлт хийх гэж оролдох нь бүтэлгүйтэлд хүргэхээс өөр аргагүй бизээ.
Ардчилсан намын мэдэгдэлд тусгагдсан асуудлуудын талаар бодит байдлыг илтгэсэн зарим тайлбарыг өгье:
1.Улсын төсвийг хэлэлцэн батлах үйл явц нь ихээхэн нээлттэй, ил тод байдгаараа бусад баримт бичиг, хууль, тогтоомжоос эрс ялгаатай билээ. УИХ төсвийг 4 удаагийн нээлттэй хэлэлцүүлгээр баталдаг журамтай. 2004 оны төсвийг ингэж л баталсан. Төсвийн төслийг хуулийн дагуу 10 дугаар сарын 1-ний өмнө УИХ-д өргөн барьсан бөгөөд анхны хэлэлцүүлэг нь 10 дугаар сарын 10, хоёр дахь нь 11 дүгээр сарын 13, гурав дахь нь 11 дүгээр сарын 27, дөрөвдэх нь 11 дүгээр сарын 28-ны өдөр нэгдсэн чуулганаар хийгдэж, бүтэн 2 сар боловсруулагдаж батлагдсан юм. УИХ-ын чуулганаар төсөв хэлэлцэх үйл явц радио, телевизээр байнга мэдээлэгдэж байлаа. Төсвийн хэлэлцүүлгийн үед байгууллага, иргэдээс олон санал ирж байсныг ажлын хэсэг, байнгын хороод тухай бүр авч хэлэлцэж, зохих шийдвэр гаргаж, хариу өгч байсан. Иймээс 2004 оны төсвийг олон нийтээс далд явагдсан гэдэг нь огт үндэслэлгүй бөгөөд зарим төрийн түшээд төрийн бодлого боловсруулах үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсанаа зөвтгөх гэсэн башир арга гэхээс өөр үггүй.
2. Татварын ачааллыг ДНБ-нд татварын орлогын эзлэх хувиар тодорхойлдог. Үнэхээр энэ үзүүлэлт 1999 онд 19.6 хувь байснаа 2003 онд 29.9 хувь болж өссөн бөгөөд 2004 онд мөн энэ хэмжээндээ байхаар төлөвлөгдсөн юм. Татварын орлогын өсөлтөд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд чухам 2000-2004 оны татварын орлогын өсөлтийн 70 шахам хувь нь улс орны эдийн засаг сэргэж, үйлдвэр, үйлчилгээний газрууд олноор бий болсноор ДНБ-ий үйлдвэрлэлийг тогтвортой өссөний дүнд бий болжээ. Түүнчлэн татварын бааз суурь өргөжиж, татвараас зугтаагчид болон далд эдийн засгийг татварт хамруулах ажилд ахиц гарч, татвар хураалтын үйл ажиллагаа сайжирсантай холбоотой юм.
Монгол улсын татварын орлого 1999 онд 181.2 тэрбум төгрөг байсан бол 2004 онд 452.2 тэрбум төгрөг болж, 271тэрбум төгрөгөөр буюу 2.5 дахин өсч байна. Татварын орлогын энэхүү өсөлтөд Засгийн газраас 2000-2004 онуудад авч хэрэгжүүлж буй цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх арга хэмжээний дүнд нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нэмэгдэж байгаа, нийгмийн даатгалын байгууллагууд урд онуудаас хуримтлагдаж ирсэн нийгмийн даатгалын шимтгэлийн 20-иод тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан явдлууд нөлөөлж байгаа гэдгийг бас мартаж болохгүй.
Татвар буй дор төр оршдог зүй тогтлын дагуу авч үзвэл, татварын суурь нь өргөжиж, далд эдийн засаг хумигдаж, нэгж татвар төлөгчдөд очих ачаалал буурч байгаа нь төр бэхжиж байгаагийн нотолгоо биш гэж үү?
Гэтэл Ардчилсан намын нөхөд маань төсвийн тоог механикаар зэрэгцүүлж дүгнэлт хийн, илэрхий улс төржсөн байр сууринаас хандахдаа Монгол улсын нэн шинэ түүхийн зарим хуудсыг зориудаар мартсан бололтой. Эргэн санавал, Ардчилсан намын дарга М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа импортын гаалийн татварыг тэглэх хууль гаргуулж, эдийн засгийн буруу бодлого явуулснаас 1998-1999 онуудад гаалийн орлого эрс буурсны дээр үндэсний үйлдвэрүүд өрсөлдөх чадваргүй болж, импортын бараа бүтээгдэхүүнд байр сууриа тавьж өгч улмаар уналтад орсон. Цаашлаад татварын орлого буурч, төсөв бүрдэх эх үүсвэр хомсдосны дээр татвараа бүрэн ногдуулж, хураан авч чадахгүй байсан ургашгүй арга ажиллагаа нь цалин, тэтгэвэр тэтгэмжийн ихээхэн хэмжээний өр үүсэх, санхүү, төлбөрийн чадвар муудах үндэс болж, хямралт байдал бий болж, даамжирч байлаа. Ганц жишээ дурдвал, 1999 оны татварын орлогын төлөвлөгөө 200300.6 сая төгрөг байснаас 181232.6 сая төгрөгийг нь оруулж, 20-иод тэрбум төгрөгөөр тасалдуулсан байна. Энэхүү арчаагүй ажиллагаагаа хаацайлан цагаатгахын тулд татварын ачаалал бага байсан мэтээр олон нийтийн толгойг эргүүлэх нь хэр зэрэг зохистой үйлдэл вэ? Мэдээж хэрэг орлогын төлөвлөгөө их хэмжээгээр тасалдсан нөхцөлд ДНБ-д татварын орлогын эзлэх хувь хэмжээ бага байх нь хэнд ч ойлгомжтой шүү дээ.
Алдаатай, балагтай болох нь гарцаагүй нотлогдож, ганцхан жилийн дараа аргагүй эргээд сэргэгдсэн дээрх бодлогын хор уршиг, үр дагавар олон жил үргэлжилсэн. Үүнээс үүдэлтэй татвараа нуух, татвараас зугатах хуйвалдаж чөлөөлүүлэх зэрэг замбараагүй үйлдлүүд газар авч байсан бөгөөд тэр үед татварын орлогыг завшсан зарим компанийн зарга зальхай одоо ч хэл ам таталсаар байгаа юм. Тухайлбал, “Эрэл” компани татвараа нуун дарагдуулж, 28.0 тэрбум төгрөг завшсан маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй үргэлжилсээр байгааг хэн бүхэн мэднэ.
Улс орны эдийн засагт чамгүй хувь нэмэр оруулдаг дотоодын компаниудын үйл ажиллагааг дэмжих, бизнесийн таатай орчныг нь сайжруулах зорилгоор 40 хувийн орлогын албан татвар төлдөг аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 25 хувиар бууруулж 30 хувь болгосон нь Ардчилсан намынханд таалагдаагүй бололтой. Энэ хөнгөлөлт зөвхөн 150 аж ахуйн нэгжид л хамаарна, бусад 15 хувийн татвар төлөгчдийн ачааллыг бууруулсангүй гэж гоморхжээ. Гэтэл саяхан болж өнгөрсөн Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал дээр тавьсан илтгэлдээ ноён М.Энхсайхан: “аж ахуйн нэгжийн ашгийн татварыг нэг шатлалтай болгож 15 хувиар тогтооё” гэсэн саналыг дэвшүүлсэн юм. Энэ санал биеллээ оллоо гэхэд ямар ч тохиолдолд мөн л 150 аж ахуйн нэгж хамрагдана шүү дээ. Үүнээс үзэхэд 150-хан аж ахуйн нэгж хамрагдлаа гээд байгаа гоморхол, өөрсдийн нь татварын ачааллыг багасгах үзэл баримтлалтайгаа зөрчилдөж байгааг харуулж байна.
3. ”Монгол улсын гадаад өр ДНБ-ий 80 хувьтай тэнцэх болсон байхад түүнийг шийдвэрлэх талаар төсвийн хуульд тусгагдсангүй” гэж зэмлэжээ. Гадаадын зээл нь нэг бүрчлэн байгуулсан гэрээгээр зохицуулагддаг бөгөөд уг гэрээгээр зээлийн хүү, үндсэн зээлийг хэдийд төлөх талаар он оноор нь нарийвчлан заасан байдаг бөгөөд уг гэрээний дагуу тухайн жилд төлөх төлбөрөө төсөвт тусгадаг. Бид ч энэ дагуу 2004 онд гадаад өрийн төлбөрийг барагдуулах хэмжээгээ төсвийн хуульд бүрэн тусгасан.
Тэгээд ч Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн урсгал өрийг барагдуулах, гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах арга хэмжээнүүдийн үр дүнд 1999 онд ДНБ-ий бараг 100 хувьд ойртож байсан гадаад өрийн үлдэгдэл /94.8% / болон урсгал өрийг өнгөрсөн хугацаанд ДНБ-ий 90.0 хүрэхгүй хувьд хүргэж бууруулж чадсаныг түмэн олон мэдэж байгаа байх.
4. ”Засгийн газар хувьчлалын гажуудлыг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн гэж ойлгоход хүргэж байна” гэжээ. Үнэхээр ч “олон түмний үе үеийнхний хүч хөдөлмөрөөр бүтээгдсэн, үнэ цэнэтэй хөрөнгийг хувьчлах явцад ”Ардчилсан холбоо эвсэл”-ийн Засгийн газрууд ихээхэн гажуудлыг гаргасан бөгөөд түүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа нь сайшаалтай хэрэг. 1996 оны хавар УИХ-аас баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 64 дүгээр зүйлд “өмч хувьчлалын орлогыг улсын төсөвт оруулж, зөвхөн хөрөнгө оруулалтын зориулалтаар зарцуулах”-аар заасан. Гэтэл эвслийн Засгийн газрууд хувьчлалын орлогыг өдөр тутмын урсгал төсвийн яаралтай санхүүжилтийн дутууг нөхөхөд зарцуулж байсан нь нууц биш. Тийм ч учраас олон түмний зүгээс өмч хувьчлалын орлогыг хөрөнгө оруулалтад зарцуулахгүй байна гэсэн шүүмжлэлд байнга өртөж байсан.
Өмч хувьчлалын явцад гаргасан энэ мэтийн гажуудлыг өнөөгийн Засгийн газар засаж залруулах гэж ээлж дараалалтай алхмуудыг хийж байна. Тухайлбал, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудтай харилцан тохиролцсон бодлогын хүрээнд банкны салбарын хямралыг зогсоож, либеральчлалыг гүнзгийрүүлэн, Худалдаа хөгжлийн банк, ХААН банкийг гадны стратегийн хөрөнгө оруулагч нарт шударгаар хувьчилж, улсын төсөвт зөвхөн энэ хоёр банкнаас 19.2 сая ам.долларын орлого оруулсан юм. Энэ нь эвслийн Засгийн газруудын эрх барьж байх хугацаандаа өмч хувьчлалаас оруулсан орлогын бараг тал хувиас давж байна. Түүнчлэн “АПУ” ХК “Шарын гол” ХК, Монголэмимпекс, Хүнстрейд, “Түшиг даатгал” ХК, “Монголдаатгал” ХК зэрэг үнэ цэнэтэй төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг амжилттай хувьчилснаас төсөвт 16.4 тэрбум төгрөг оруулж, хөрөнгө оруулалтын зориулалтаар ашигласан бөгөөд “НИК” ХК, “Говь” ХК зэрэг томоохон байгууллагуудын төрийн мэдлийн хувьцааг багц болгон нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар хувьчлах гэж байна. Хувьчлал нь олон түмэнд ил тод, шударга зарчмаар явагдаж байгааг иргэд ч, олон улсын байгууллагууд ч хүлээн зөвшөөрч байгаа болно.
5.”Монгол улсын төсвийн зарлага 1999 оныхоос 2 дахин их буюу 664 тэрбум төгрөгөөр төлөвлөгджээ” гэсэн байна. Энэ үзүүлэлт 1999 оны төвшингээс 299.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр төлөвлөгдсөн нь үнэн бөгөөд төсвийн бодит тоон үзүүлэлт юм. Гэтэл 2004 онд ДНБ-ийг 1,514.5 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөсөн нь 1999 оны ДНБ-тэй харьцуулахад 63.7 хувиар буюу 589.2 тэрбум төгрөгөөр өсч байгааг мартаж болохгүй. Учир нь Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагууд аливаа улсын төсөв, санхүүгийн байдлыг үнэлэхдээ тухайн орны төсвийн үзүүлэлтүүдийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ ямар төвшинд байгааг авч үздэг. Тэгвэл 1999 онд улсын нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий 11.7 хувьтай тэнцүү байсан бол 2004 онд ДНБ-ний 5.7 хувь болж төсвийн алдагдал 2 дахин буурахаар байна. Мөнгөн дүнгээр илэрхийлвэл, улсын нэгдсэн төсвийн алдагдал 1999 онд 109.9 тэрбум төгрөг байсан бол 2004 онд 86.4 тэрбум төгрөг болж буурах юм. Үүнээс үзэхэд, төсвийн бодит тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа хэдий ч төсвийн чанарын үзүүлэлт 2.1 дахин сайжирсныг эрхэм нөхөд маань дурдаагүйг сануулах хэрэгтэй мэт.
Нөгөө өнцгөөс нь харж мөнөөх 1999 оны 109.9 тэрбум төгрөгийн төсвийн алдагдлыг төсвийн нийт орлогод нь харьцуулбал 43.2 хувь болж байгаа бол 2004 оны төсвийн алдагдал 86.4 тэрбум төгрөг нь орлогынхоо 14.9 хувьтай тэнцэж байгаагаас харахад энэ үзүүлэлт даруй 2.9 дахин багассан байна. Түүнчлэн төсвийн эдгээр алдагдлыг төсвийн нийт зарлагад нь харьцуулбал, 1999 онд 30.1 хувь, 2004 онд 13.0 хувь болж, энэ үзүүлэлт мөн даруй 2.3 дахин буурчээ. Эдгээрийг Ардчилсан намынхан маань мэдэх л болсон баймаарсан даа.
Мэдэгдэлд “төрөөс үзүүлэх бараа, ажил, үйлчилгээний зардлыг бүхэлд нь өсгөхөөр төсөвлөсөн байна” гэсэн нь аргагүй ээ. Учир нь, нэг талаас, 1999 онд “Мянганы зам” болон эрчим хүчний томоохон обьектууд баригдаж байгаагүй бөгөөд төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ өнөөгийнхөөс харьцангуй бага байсан юм. Нөгөө талаас, инфляци, импортын гол нэр төрлийн барааны гадаад зах зээл дэх үнийн өсөлт зэргээс хамаарч төсвийн байгууллагуудын зардал өсч байгаа, Засгийн газрын бодлого, шийдвэрийн дагуу цалин, тэтгэврийн хэмжээ нэмэгдэж байгаа, нийгмийн чанартай асуудлууд шийдэгдэж байгаа зэргээс төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний зардал ихээхэн өсч байгааг төсөвт бүрэн тусгасан.
Хэрвээ бид мэдэгдэлд дурдагдсан төсвийн зардлуудаа өсгөхгүйгээр 1999 оны төвшинд бариад байвал эдийн засаг маань хэрхэн өсөх билээ, төр засаг маань хэрхэн үйл ажиллагаагаа тогтвортойгоор явуулах билээ гэдгийг эдийн засгийн наад захын ойлголттой хүн бүхэн ойлгох юм.
Дурдагдсан зардлуудаас “хоол унд, цайллага, дайллага”-ын гэсэн нэртэй 19.6 тэрбум төгрөгийн зардлыг задлан харуулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд, эрүүл мэндийн байгууллагуудын хоолны зардал 3.306.8 тэрбум, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн 10.813.1 тэрбум, хорих байгууллагад ял эдэлж байгаа хоригдол, сэжигтнүүдийн 3.677.1 тэрбум, батлан хамгаалах салбарын цэргийн ангиудын 1.297.5 тэрбум, нийгмийн халамжийн төв, асрамжийн газрын 323.1 тэрбум, тусгай хамгаалалтын газрын харуулын үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчдын 30.0 тэрбум төгрөг багтаж, нийт 19.553.3 тэрбум төгрөг болж байна. Эмнэлэгт хэвтэж буй өвчтөн, сургуулийн дотуур байранд сууж буй сурагч, цэцэрлэгийн хүүхэд, цэрэг, хоригдол, асрамжийн газарт буй иргэдийн хоолны зардлыг дайллага, цайллагад зарцуулах гэлээ гэж дайрах нь хэр зохимжтой хэрэг вэ?.
Тэгээд ч дээрх бүх зардлыг 1999 оны төсвийн зардлын гүйцэтгэлтэй харьцуулан тэр үеийн аргачлалаар шилжүүлж тооцоход харин ч өсөөгүй дүн гардгийг сонордуулъя.
6. Мэдэгдэлд “МАХН нь 2000 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтуудаа хэрэгжүүлэх бодит алхмуудаа ирэх оны төсвийн тухай хуульд огт тусгаагүй байна” гэсэн нь төсвийн хуулийн бүтцийн тухай гэхээсээ илүүтэйгээр сонгууль угтсан улс төрийн агуулгатай дүгнэлт болжээ.
СЭЗЯ нь төрийн захиргааны төв байгууллагын хувьд эрх барьж буй улс төрийн намаас байгуулагдсан Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олсон МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтууд 2004 оны төсөв, үндсэн чиглэлд хэрхэн туссаныг мэдээлэх нь зүйн хэрэг. Иймээс зарим зүйлийг тодруулан тайлбарлабал зохилтой.
2004 оны үндсэн чиглэл, улсын төсөвт:
- хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36000 төгрөг болгохоор тодорхой заасан,
- төрийн албанд ажиллагчдын цалин, өндөр настны тэтгэврийн хэмжээг 2000 оны эхэн үеийнхтэй харьцуулахад үндсэндээ тус бүр хоёр дахин нэмэгдүүлэхээр тооцож цалин, тэтгэврийн санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан /энэ талаар Засгийн газар дараатай арга хэмжээнүүдийг авч ирсэн ба ирэх оны төсвөөр төрийн албанд нийт 125.0 мянган хүн ажиллаж, тэдгээрийн цалинд 129.0 тэрбум төгрөг улсын төсвөөс гаргахаар тооцсон нь 2000 оны эхэнтэй харьцуулахад 2.03 дахин нэмэгдэж байгаа болно/,
- хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан ажил идэвхтэй эрэлхийлэгч 30000-аас доошгүй хүнийг Хөдөлмөр эрхлэлтийн албадаар дамжуулан ажилтай болгохоор болсон,
- ажлын байр шинээр бий болгосон буюу ажилгүй иргэдэд шинэ мэргэжил олгох, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үйлдвэрлэл дээрх сургалтыг зохион байгуулж, ажлын байраар хангасан ажил олгогчдод дэмжлэг туслалцаа үзүүлэхээр заасан,
- хөдөлмөр зарцуулалт ихтэй, мэргэжил шаардахгүй, нийтийг хамарсан ажил зохион байгуулж, нийгмийн эмзэг бүлгийн 10500 хүртэл иргэнийг хамруулан орлогыг нь нэмэгдүүлэхээр төлөвлөсөн,
- хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэх иргэд, аж ахуй нэгжид “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан жижиг зээл олгох журмын заалтыг боловсронгуй болгох замаар 4500-гаас доошгүй ажлын байр бий болгохоор болсон,
- ажилгүй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах үйлчилгээг өргөжүүлж, мэргэжлийн болон давтан сургалтад 12000-аас доошгүй хүнийг хамруулахаар тусгасан байна.
Эрүүл мэндийн сайд, Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны 1-р сарын 31-ны 21/30 тоот хамтарсан тушаалаар “Төлбөргүй тусламж үйлчилгээний жагсаалт” батлагдсан. Энэ тушаалын дагуу сүрьеэ, хорт хавдрын 3,4-р үе, удаан хугацаанд нөхөн эмчилгээ шаардагдах зарим эмгэг, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэсэн зүйлүүдийн холбогдох заалтад тусгагдсан тусламж, үйлчилгээнүүд үнэ төлбөргүй хийгдэхээр болсон. Төрийн өмчийн эмнэлгүүдэд зөвхөн үзлэг, шинжилгээ хийсэн зүү тариур гэх мэтийн үнийг үзлэг хийлгэсэн иргэдээс авдгаас биш тухайн үзлэг, шинжилгээ, оношлогоог хийсэн эмч, ажилтнуудын цалин хөлсийн зардлыг авдаггүй. Эм, тарианы үнийг иргэдээс авч байгаа асуудал байхгүй бөгөөд тухайн өвчтөнийг цаг алдалгүй эмчлэх зорилгоор бэлэн бус байгаа, ховор олдоцтой эмийг өвчтөний ар гэрээс гаргуулаад, үнийг нь буцаан олгосон тохиолдол амьдрал дээр гардгийг үгүйсгэхгүй. Эрүүл мэндийн төв, дүүргийн болон сумын эмнэлэг, амбулаторын үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлдэг бөгөөд 2004 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтөд өгөх санхүүжилтийг 583,8 сая төгрөгөөр тусгасан.
Өндөр настан, олон хүүхэдтэй эх, насанд хүрээгүй хүүхдүүд, тахир дутуу иргэдэд эмнэлгийн тусламжийг төрийн өмчийн эмнэлгүүд үнэ төлбөргүйгээр үзүүлж байна.
Ядуу өрхийн хүүхдүүд, малчны болон хоёроос дээш хүүхэд нь зэрэг суралцдаг айлын нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даахаар Засгийн газар 2000 оны 158-р тогтоолоороо журамласаны дагуу малчин өрхийн 13821 хүүхдэд зориулж 3 тэрбум 641 сая төгрөгийг 2004 оны төсөвт тусгасан.
Эмзэг болон гурваас дээш хүүхэдтэй өрхийн нэг хүүхдийн хичээлийн хэрэгслийг үнэ төлбөргүй хангах асуудлыг БСШУСайд, СЭЗСайдын 2000 оны 34/31 тоот хамтарсан тушаалаар журамласны дагуу 71463 хүүхдэд хичээлийн хэрэглэл олгоход зориулж 2004 оны улсын төсөвт 1 тэрбум 143 сая 400 мянган төгрөг тусгагдсан.
УИХ-ын 2000 оны сонгуульд оролцсон хөтөлбөртөө дэвшүүлсэн амлалтуудаа МАХН ийнхүү бодит ажил хэрэг болгож, олон түмний талархлыг хүртэж байгааг Ардчилсан нам үгүйсгэх нь сонгууль ойртох тусам иргэдийн санаа бодлыг үймүүлэх гэсэн явуургүй ажиллагаа гэдгийг Млнголын ард түмэн ойлгох оюуны тэнхээтэй билээ.
7. “Төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө Ардчилсан хүчнээс нэр дэвшиж сонгогдсон гишүүдийг илт ялгаварлан гадуурхаж байна” гэж мэдэгдэлд дурджээ. Ингэж дүгнэж ч арай болохгүй л дээ. Учир нь төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө, юуны өмнө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг ханган биелүүлэх, өмнөх онуудад эхэлсэн барилга байгууламжийг дуусгах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хүрээнд Монголын талын хүлээсэн үүргийн дагуу санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төлөвлөхөд хөрөнгө хүчийг хуваарилах чиглэл барьдаг. Түүнээс биш хөрөнгө оруулалтын төслийг сонгуулийн тойргоор наймаалцан хуваадаг зүйл биш бөгөөд УИХ-ын гишүүн хөрөнгө гаргуулж, ямар нэгэн обьект барьж байгуулдаггүй юм.
Ханх-Мондын цахилгаан дамжуулах шугам, Алаг-Эрдэнэ сумын сургуулийн засвар, Дундговь аймгийн Луус-Хулдын 35 кв-ын цахилгаан дамжуулах шугам, Өлзийт, Сайнцагаан сумдын сургуулийн засвар, Цагаан дэлгэр сумын сургуулийн спортын танхим, Дорнод аймгийн Сэргэлэн сумын 10 ортой эмнэлэг, Хэрлэнгийн 5-р болон Баяндун сумын сургуулийн засвар, хэд хэдэн суманд халуун усны барилга шинээр барьж байгуулсан, хийж гүйцэтгэсэн зэргээс гадна хаягдаж тоногдсон худгуудыг засаж хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, боловсролын салбарыг хөгжүүлэх, мал аж ахуйг дэмжихэд чиглэгдсэн арга хэмжээнд улсын төсвөөс нийтдээ 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө зарсаныг тухайн тойргоос гарсан УИХ-ын гишүүний гавъяа гэхээсээ улсын хөрөнгө оруулалтын бодлогын чиг баримтлал гэх нь илүү оновчтой.
Ардчилсан намын мэдэгдэл, бодит байдал хоёр ийм зөрүүтэй байгааг мэргэн уншигч тунгаана буй заа.
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯАМ