Парламент 2004 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж баталлаа
2004 оны Улсын төсвийн төсөлд тодотгол оруулах асуудлыг УИХ хэлэлцэж батлав. Сангийн сайд Н.Алтанхуяг төсөвт тодотгол оруулах болсон шалтгааны талаар тайлбарлахдаа, макро эдийн засгийн гол өөрчлөлт, инфляци, үнэ ханшийн өөрчлөлт. Засгийн газраас гаргасан зарим шийдвэр, тухайлбал, ОХУ-д төлсөн өр болон боловсролын салбарын өөрчлөлтөд зориулан төсөвлөсөн хөрөнгө, шинэ Засгийн газрын бүтцийн өөрчлөлт зэрэгтэй холбон авч үзсэн байна. Түүний хэлснээс үзэхэд, дэлхийн зах зээл дээрх нефть, алт, зэсийн үнэ хэлбэлзсэн нь манай улсын эдийн засгийн макро төвшинд нэлээд өөрчлөлт оруулжээ. Төсөвт тодотгол хийхдээ төсвийн алдагдлыг ДНБ-ий таван хувиас хэтруүлэхгүй байхаар тооцсон гэж Сангийн сайд мэдээлэлдээ онцлон дурдсан байна.
УИХ-ын чуулган 2004 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нийт дөрвөн удаа хэлэлцэж баталсан байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж гурван яам, хоёр агентлаг шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан 272, 7 сая төгрөгийг 2004 оны төсвийн тодотголд суулгахаар болжээ. Түүнчлэн төсвийн орлогын хэмжээг 613 тэрбум 701 сая 547 мянган төгрөг, зарлагын хэмжээг 699 тэрбум 102 сая 676,2 мянган төгрөг байхаар баталж, төсөв захиран зарцуулагч тус бүрд төвлөрүүлэх орлого болон төсөв зарцуулах эрхийг баталсан байна.“Эх орон –Ардчилал” эвслийн бүлгийн хэвлэлийн албаны мэдээлснээр, ОХУ-д төлсөн өр нь дотоодын өр болж 2004 оны төсвийн тодотголд 112 сая гаруй доллараар төсөвлөгдөн орж ирж буйтай холбогдуулан тус бүлгийн гишүүд Сангийн яамны удирдлагаас тодруулга авсан байна.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ү.Хүрэлбаатар хэлэхдээ "Монгол Улс ОХУ-ын шаардсан 250 сая долларыг тэглэсэн" гэсэн албан бичиг ирүүлсэн. харин 250 сая доллараас 200-г нь авсан, 50 саяыг нь хариуцахгүй гэдгээ ОХУ ОУВС-д мэдэгдсэн. Харин Орос Улс хэдийг авсан гэдгийг хэн ч мэдэхгүй. ОУВС-д энэ асуудлыг тодотгож өгөхийг хүссэн боловч одоогоор тодорхой хариу алга" хэмээн мэдээлсэн байна. Олон улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль дүрмийн дагуу ОХУ, Чех Улсын "Фит" компани, Монгол Улсын Сангийн яам, Чех Улсын "Фит" компани гэж тус тусдаа салангид хийсэн гэрээний дагуу төлөгдсөн гэх уг өр нь хэзээ нэг цагт дахин сөхөгдөж ирэхэд хоёр улсын төр, Засгийн газрын хооронд хийгдсэн гэрээ зэрэг баталгаат баримт бичиг бий эсэх талаар паоламент дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн гишүүд асуусан боловч одоогоор "өр тэглэгдлээ" гэсэн ноён Путины захидал, өрийн данс дугуйлагдсан талаар банкны хуулбар хоёроос өөр зүйл Монгол Улсын Засгийн газарт ирээгүй гэж албаны эх сурвалжууд хариулсан гэж Эвслийн бүлгийн хэвлэлийн албаны мэдээнд дурдсан байна. Энэ талаар Монгол Улсын Засгийн газар дахин ярьж. баталгаа авах нь зөв байх хэмээн Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ү.Хүрэлбаатар өгүүлжээ.