УИХ-ын таван байнгын хороо өчигдөр хуралдаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэв (2004.11.03)
УИХ-ын таван байнгын хороо өчигдөр хуралдаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцсэн байна.
Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хүүхдэд олгох итгэлийн мөнгөний асуудлыг шинээр тусгахыг санал болгожээ. Уг саналаар санал хураахад дэмжсэн болон татгалзсан санал тэнцсэн байна. Дахин санал хураахад мөн л санал тэнцсэн тул УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу үндсэн санал дэмжигдэн Э.Бат-Үүл гишүүн цөөнх болсон аж.
Эдийн засгийн байнгын хорооны хурал гишүүдийн саналын зөрүүтэй томъёоллоор санал хураасан байна. Банк санхүүгийн салбарыг тэргүүлэх чиглэл болгох, мал бүхий иргэдийг малын татвараас чөлөөлөх, гэр хорооллын айлуудыг цэвэр усны нэгдсэн шугамд холбох, төвлөрсөн цахилгааны эх үүсвэрт 40-өөс доошгүй сумыг холбох, хотын захын хорооллыг холбоожуулах зэрэг санал дэмжигдсэн байна. Харин УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Ч.Содномцэрэн, Н.Батбаяр нарын итгэлийн 10 мянган төгрөг олгох тухай болон УИХ-ын гишүүн Д.Арвины шинээр гэрлэсэн залуу гэр бүлд олгох 500 мянган төгрөгийн тухай саналуудаар санал хураалт явуулахад гишүүд дэмжсэн ажээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал УИХ-ын гишүүн Ж.Наранцацралтын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт итгэлийн мөнгө олгуулах тухай заалт оруулах саналын талаар нэлээд маргалдсаны эцэст хойшлогдсон байна.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр зарчмын хувьд эсрэг тэсрэг санал бараг гараагүй аж. Гэхдээ УИХ-ын гишүүн Р.Гончигдорж "Хүүхдийн итгэлийн мөнгө олгохыг дэмжих байнгын хорооны дүгнэлт гаргая" гэсэн санал гаргаж нэлээд тайлбарласан авч олонхийн дэмжлэгийг авч чадаагүй байна.Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны хуралд Байгаль орчны сайд У.Барсболд оролцож тайлбар өгчээ. Алтны уурхай болон аливаа үйлдвэрлэл, үйл ажиллагааг явуулах зөвшөөрлийг олгохдоо байгаль орчинд хор нөлөөгүй байдлыг урьдчилан тооцож байх, тэр дагуу нөхөн сэргээлт хийх, мөрийн хөтөлбөрт усны бодлогын талаар тусгах саналыг Байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн байна. Харин газрын баялгийн ашиглалтын лиценцийг байгаль орчны дүгнэлтийг үндэслэн, орон нутгийн иргэдийн саналыг авч орон нутгийн өөрөө удирдах байгууллага олгоно хэмээн мөрийн хөтөлбөрийн төсөлд нэмж оруулсныг буцаан анхны хувилбараар байлгахаар болжээ.