Итгэлийн мөнгө дэмжигдэж, иргэд давхар харьяалалтай байх саналыг дэмжсэнгүй (2004.11.04)
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр хуралдаж Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг авч хэлэлцсэн байна. Уг хуралд дээр татварын шатлалын тухай асуудал парламентын гишүүдийн анхаарлыг нэлээд татсан байна. Сангийн сайд Н.Алтанхуяг татварыг нэг шатлалттай болгох нь зүйтэй хэмээн үзэж байгаа бөгөөд төсөлд ч ийнхүү тусгасан аж. Гэхдээ татварыг нэг шатлалтай болгох бодлогыг шууд хэрэгжүүлбэл, татвараас төсөвт орох орлогын хэмжээнд 22 тэрбум төгрөгийн зөрүү үүсэх юм байна. Тэгэхээр асуудлыг аажим хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн бодлого барих тухайгаа Сангийн сайд хэлжээ.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал 50 хүртэлх насны хүмүүсийг ажлын байраар хангах асуудлыг Засгийн газар мөрийн хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх санал оруулсан нь олонхийн дэмжлэг авсан байна. УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан, архи, спирт, тамхины татварыг одоогийнхоос 150 дахин нэмэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах санал оруулсан нь мөн дэмжигдэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр 18 хүртэлх насны хүүхэд бүрт сар тутам олгох итгэлийн мөнгөний асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгахыг дэмжсэн байна. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Монгол Улсын иргэд давхар харьяалалтай байж болох асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгахыг санал болгосон нь олонхийн дэмжлэгийг авч чадаагүй байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах зарчмын зөрүүтэй саналууд гарчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Одхүү "Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын ажилчдад төрөөс узүүлэх анхаарал халамжийг нэмэгдүүлнэ", Ж.Наранцацралт "Хотын Засаг даргыг нийт оршин суугчдын саналаар томилох", Э.Бат-Үүл "Төрийн албан хаагч нь заавал хугацаат цэргийн алба хаасан байх ёстой гэсэн шалгууртай болох" зэрэг санал дэвшүүлжээ. УИХ-ын гишүүн Ж.Наранцацралтын саналыг Үндсэн хууль болон төрийн тогтолцооны асуудал тул санал өгөхөд эргэлзээтэй гэж гишүүд үзжээ. Бусад саналыг тус байнгын хорооны хамрах хүрээний асуудал биш тул хэлэлцэхгүй гэж С.Батболд дарга үзсэн тул нэлээд маргаан өрнөсөн аж. Эцэст нь эдгээр саналаа бусад байнгын хороонд оруулж хэлэлцүүлэх боломжтой гэснээр маргаан өндөрлөжээ.