Итгэлийн мөнгө олгоно, гэхдээ 10000 биш 3000, хүүхэд бүрт бас биш

A- A A+
Итгэлийн мөнгө олгоно, гэхдээ 10000 биш 3000, хүүхэд бүрт бас биш

Итгэлийн мөнгө олгоно, гэхдээ 10000 биш 3000, хүүхэд бүрт бас биш

Яг ийм утгатай мэдээллийг өчигдөр УИХ, Засгийн газар, нам, эвслийн удирдлагууд сэтгүүлчдэд хийсэн байна. УИХ-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Д.Лүндээжанцан, дэд дарга, ИЗ-БНН-ын тэргүүн С.Оюун, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Ардчилсан намын дарга М.Энхсайхан, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Шадар сайд Ч.Улаан, Батлан хамгаалахын сайд, МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат нар өчигдөр сэтгүүлчидтэй уулзжээ. Гэхдээ энэ бол хэвлэлийн бага хурал биш, мэдээлэл гэж тэд тэмдэглэсэн хэмээн “Өнөөдөр” сонинд бичжээ.

Мэдээлэл хийх үеэрээ Ерөнхий сайд Ц.Элбэгдорж хэлэхдээ, нам, эвслийн сонгуулийн үеэр амласан нийгмийн хамгааллын зорилтуудыг тусган дундын хувилбар боловсруулах үүргийг Засгийн газар хүлээсэн. Энэ дагуу судалгаа хийсний эцэст амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй айл өрхийн хүүхэд бүрт сард 3000 төгрөг олгох нэгдмэл шийдвэрт хүрсэн гэж мэдэгдсэн байна.

Ийнхүү дундын хувилбараас үүдсэн энэ мөнгийг 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгох аж. Энэ арга хэмжээнд 500 мянга орчим хүүхэд хамрагдах бөгөөд 20 орчим тэрбум төгрөгт багтах юм байна. Энэ мөнгийг олгож эхлэснээр амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй нэг өрхийн жилийн орлого 108 мянган төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарчээ.

Шадар сайд ноён Ч.Улаан энэ бол илүү бодитой, хэрэгжих боломжтой хувилбар гэж үзэж байгаа аж. Тэр хэлэхдээ, энэ хувилбарыг олон улсын банк, санхүүгийн байгууллагынхан ойлгон хүлээж авч байгаа. Тэд төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувиас хэтрүүлэхгүй байх, хүүхдэд мөнгө өгөх нэрээр инфляцийг хөөрөгдөхөөс болгоомжлох талаар тодорхой зохион байгуулалттай арга хэмжээ авахыг зөвлөсөн гэж хэлсэн байна.

Ардчилсан намын дарга, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Энхсайхан үүнийг нийгмийн цоо шинэ бодлогын эхлэл хэмээн үзэж байгаа бол УИХ-ын дарга, МАХН-ын дарга Н.Энхбаяр цаашдаа үр дүнтэй, хүндээ, хүүхдэдээ чиглэсэн олон арга хэмжээ хэрэгжих бололцоо гарч ирнэ гэдэгт найдаж байна гэж тэмдэглэн хэлсэн аж.