Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдлаа (2004.11.08)
Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны мөрийн хөталбөр өргөн баригдсанаасаа хойш 16 хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гаригт батлагдсан байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл 100 хувийн саналаар анхныхаа хэлэлцүүлгээр батлагджээ. УИХ-ын гишүүд мөрийн хөтөлбөрийн төслийн талаарх Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй 132 саналыг нэг бүрчлэн хэлэлцэж санал хураасан ажээ.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Хүүхдийн мөнгийг" ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн өгөхөөр тусгасан байна. Нэг хүнд ногдох орлого нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур өрхийн гурав ба түүнээс дээш 0-18 насны хүүхэд бүрт сар тутам 3000 төгрөг олгох боллоо. Энэ саналыг УИХ-ын гишүүн Б..Жаргалсайханаас бусад нь бүгд дэмжсэн гэж “ММ” сонин мэдээлжээ.
УИХ-ын гишүүн Д.Дондог, Д.Дэмбэрэл нарын саналаар төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг нэмэхээр болсон байна.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орж батлагдсан зарим заалтаас харахад бүх төрлийн зөвшөөрөл, лиценз олгодог журмыг хялбарчилж, иргэдэд бизнес эрхлэх тэгш нөхцөл олгох бололтой. Засаг захиргааны одоогийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхээр хөтөлбөрт нэмж тусгасан аж.
Ерөнхий боловсролыг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх бэлтгэлийг хангах асуудал хөтөлбөрт бас оржээ. Бүсийн төвүүдэд спортын цогцолбор барьж, нийслэлд олимпийн цогцолбор байгуулах болжээ. Хүүхэд төрсөн цагаасаа л эхлэн иргэний үнэмлэхтэй болгохоор тусчээ.
Малчдыг мал бүхий иргэний албан татвараас чөлөөлөх, онцгой албан татварын хувь хэмжээг нэмэх зэрэг саналууд мөрийн хөтөлбөрт туссан ажээ.