2005 онд Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсвийг хэлэлцэх асуудал УИХ-ын гишүүдийг шавдуулж байна (2004.11.10)
УИХ-ын Байнгын хороод өчигдрөөс 2005 оны үндсэн чиглэл, төсвийн төслийг хэлэлцэхээр хуралдаж эхэлсэн байна. Тухайлбал, өчигдөр УИХ-ын гурван байнгын хороо буюу Хууль зүй, Төрийн байгуулалт, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороод хуралджээ.
“ЗМ” сонинд бичснээр УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж Хууль зүйн байнгын хорооны хуралд дээр хэлэхдээ, УИХ-аар хэлэлцэх баримт бичиг болон хуулийн төслийг долоо хоногийн өмнө гишүүд хүлээн авсан байхаар хууульд заасан атал ийм чухал баримт бичгийг өглөө өгчихөөд өдөр нь хэлэлцэх гэж байгаа нь хууль зөрчиж байна гэж мэдэгдсэн байна. Тэрбээр иймд төсвийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулах саналтай байжээ.
Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ц.Нямдорж нар цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой гэж тайлбарласан аж. Ингээд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн саналаар Ц.Шаравдоржийн санал дэмжигдээгүй бөгөөд уг асуудлыг хэлэлцэж эхлэхээр болсон ажээ.
Монгол Улсын төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн хоёрт зааснаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төвлөрсөн төсвийн төслийг УИХ жил бүрийн 12 дугаар сарын нэгний дотор хэлэлцэн баталж хууль гаргах ёстой. Чингэхдээ УИХ төсвийн асуудлыг дөрвөнтөө хэлэлцдэг. Гэтэл эдүгээ 2005 оны улсын төвлөрсөн төсвийн төслийг Засгийн газар тун хожуу буюу дөнгөж энэ долоо хоногийн эхээр УИХ-д өргөн барьсан нь ийнхүү УИХ-ын гишүүдийн нэлээд шавдуулж байгаа бололтой.