Ерөнхийлөгч Н.Багабанди 2005 оны улсын төсвийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хурал дээр үг хэлсэн байна (2004.11.19)

A- A A+
Ерөнхийлөгч Н.Багабанди 2005 оны улсын төсвийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хурал дээр үг хэлсэн байна (2004.11.19)

Ерөнхийлөгч Н.Багабанди 2005 оны улсын төсвийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хурал дээр үг хэлсэн байна (2004.11.19)

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь “Өнөөдөр” сонинд /¹271/ нийтлэгдснээр толилуулж байна.

Улсын Их Хурлын гишүүд ээ

Улсын Их Хурал Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2006-2008 оны хөгжлийн хандлага, Монгол Улсын 2005 оны төсвийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2005 онд баримтлах үндсэн чиглэлийн төслүүдийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Та бүхэнд зайлшгүй дуулгах ёстой гэсэн санаа, бодлоо хэлж, ухааны далайд тань дусал нэмэрлэе.

1 .ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТУХАЙД

Үндсэн чиглэлийн төсөлд ирэх онд болон 2008 он хүртэл нийгэм, эдийн засгийн салбарт авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнүүдийг дурдсан боловч тэдгээрийг шийдвэрлэх арга замын тухай асуудлыг бүрхэгдүүлж, хэрэгжилтийг нь тооцоход түвэгтэй заалтуудаар чигжсэнд сэтгэл дундуур байна. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл өмнөх жилүүдэд ч иймэрхүү хэвшмэл бөгөөд хуучиндуу хэлбэртэй бэлтгэгдэж, хэлэлцэх явцад их ярьж, бага өөрчлөн батлагдаж ирсэн сайн бус уламжлал энэ жил ч гэсэн давтагдах төлөвтэй. Урьдын хэргийг мартахгүй бол хожмын хэрэгт тустай учраас би үүнийг хэлж байгаа юм.

Өнөө үед улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн нуруундаа үүрч яваа гэдэгтэй маргаж мэтгэлцэх хүн үгүй биз. Энэ бол манай улсад зах зээлийн харилцаа харьцангуй гүнзгийрэн төлөвшиж байгаагийн бодит илэрхийлэл юм. Ийм нөхцөл дэх эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл нь өмнөх жилүүдийнхээс, тэгэх тусмаа зах зээлийн шилжилтийн эхэн үеийнхээс үндсээрээ ялгаатай байх учиртай гэж төсөөлж байна. Та нар ч нээрээ тийм шүү гэж хүлээн зөвшөөрөх байлгүй дээ.

Зах зээлийн үеийн үндсэн чиглэлд зүй нь эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар төр, засгаас ямар арга хэмжээ авах, хувийн хэвшил ямар үүрэг хүлээх, Засгийн газар, хувийн хэвшил хоёр ямар асуудал дээр хамтарч ажиллах талаар тодорхой зааж өгөх хэрэгтэй гэсэн санааг би хэлж байгаа юм. Ингэвэл аль алиндаа ойлгомжтой, хэн хэндээ барьцтай, хэн нь ямар үүрэг хүлээж, хариуцлага тээх нь илэрхий болохсон билээ. Тухайлбал, үндсэн чиглэлийн төсөл дэх «Мэргэжилтэй ажилчид бэлтгэх, ажлын байр нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэн, 37000-аас доошгүй ажлын байрыг шинээр бий болгоно, дөчин мянгаас доошгүй айлыг орон сууцаар хангах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж эхэлнэ» гэх зэрэг том зорилтуудыг хэрэгжүулэхэд хувийн хэвшил шийдвэрлэх үүрэгтэй оролцоно. Гэвч тэдгээрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа юу хийх, ямар арга хэмжээ авах нь тодорхой бус. Ялангуяа хувийн хэвшлийг хэрхэн дэмжих, татварын болон бусад ямар хенгөлөлт үзүүлэн энэ том амлалтуудаа тэднээр хийлгэх талаар энд дурдсангуй. Уг нь энэ бүхнийг нарийн, ойлгомжтой тусгаж өгвөл үндсэн чиглэлийн үндэслэл, түүний хэрэгжих төлөв байдал илүү баталгаатай болно. Хувийн хэвшлийнхэн бизнес төлөвлөгөөгөө үүнд уялдуулан хийж тэдний идэвх, урам оргилон, оролцоо гүйцэтгэл нь тодорхой болохсон билээ.

Эдийн засгийн өсөлтийг хурдасгахын тулд эдийн засгийн бүтцийг алхам алхмаар шинэчлэх, ялангуяа экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх цаг нь болсон. Үндсэн чиглэлд экспортын төрөлжилтийг нэмэгдүүлнэ гэсэн боловч ямар үйлдвэрлэл, чиглэлээр үүнийг хэрэгжүүлэх нь бас л тодорхойгүй орхигджээ.

Манай улс олон жилийн турш зэс, молибден, алт, ноолуур гэх мэт голдуу уул уурхай, мал аж ахуйн гаралтай зарим нэг бүтээгдэхүүнийг экспортолж бэлэн байгаагаа тойрон эргэлдэж ирснээс биш экспортын бусад боломжийг судлах, шинээр бий болгон нэвтрүүлэх талаар нэн хангалтгүй ажиллаж ирсэн. Ийм байдлаар удаан аргацаах цаг ч байхгүй, чадал ч хүрэхгүй. Иймд Засгийн газар ажил хэрэгч хүмүүстэй зөвлөлдөн экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой ажил хийгээсэй гэж зориуд хэлэх байна. Экспортын шинэ нэр төрлийг бий болгохын зэрэгцээ уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан зэрэг уламжлалт салбаруудад технологийн шинэчлэл хийх, байгальд халгүй технологи нэвтрүүлэх, эрчимжүүлэх, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх талаар Засгийн газар, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг оновчтой, үр дүнтэй болгох бодлогыг тодорхойлж, эрх зүйн үндсийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг дээрх салбаруудад татах, хамтарсан аж ахуйн нэгж байгуулан үр ашигтай ажиллуулахын төлөө ухаан зарж идэвхийлэн ажиллах шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт нэмэгдэж байгаа боловч бусад салбарт, ялангуяа боловсруулах чиглэлээр дорвитой өсөхгүй цаг алдаж байна. Энэ талаарх судалгаа, сурталчилгаа, зохион байгуулалтын бусад арга хэмжээг ярианаас бодит ажилд шилжүүлэн эрчимтэй авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Зам дагаж хөгжил ирнэ гэдэг маргашгүй үнэн. Гэтэл өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн «Мянганы зам» төслийг баруун зүгт үргэлжлүүлэх ажлыг үндсэн чиглэлд тусгалгүй орхисныг нүдэн балай, чихэн дүлий өнгөрч боломгүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалт хүрэлцдэггүй юмаа гэхэд гадаадын болон хувийн хөрөнгө оруулалтыг татах асар их боломжит арга замыг эрж хайлгүйгээр, дургүйд хүчгүй гэгчээр орхиж гээж болохгүй. Ер нь дэд бүтцийн салбарын хөгжлийг зөнд нь орхиж хаялгүйгээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тодорхой цогц бодлогыг алхам алхмаар хэрэгжүүлэх нь зүйтэй.

Хүн амын нийгмийн хамгааллыг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ ч зах зээлийн шаардлага, төрийн эохицуулалт хоёрыг ухаалгаар уялдуулах нь зүйд нийцнэ. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог зах зээлийн зарчимд улам бүр шилжүүлэх замаар түүний үйлчилгээг хүртээмжтэй болгож төгөлдөржүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлцгээе. Эдийн засаг нь зах зээлийн зарчимд шилжээд байхад нийгмийн бодлого хуучин буурь сахин үлдэж таарахгүй. Гэхдээ хүн амын нийгмийн хамгааллын зорилтууд дотор төр засаг оролцон зайлшгүй зохицуулах шаардлагатай асуудал цөөнгүй бий. Тухайлбал, инфляцийн түвшингийн өсөлттэй уялдуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ,тэтгэвэр, тэтгэмж болон төсөвт байгууллагын ажиллагсдын дундаж цалинг зохих хуваариар нэмэгдүүлэх хэрэггэй.

Өнгөрсөн зунаас нефть бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, түүнийг дагаад бараа, үйлчилгээний үнэ өссөн нь иргэдийн бодит орлого тодорхой хэмжээгээр буурахад хүргэсэн. Иймд үндсэн чиглэл болон төсөвт ирэх жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэвэр, тэтгэмж, төсөвт байгууллагын ажиллагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг суулгаж өгөх нь зүйтэй. Энэ нь урьдын адил цалинг хавтгайруулан нэмэгдүүлэхтэй адилгүй бөгөөд өөрсдөөс нь хамааралгүйгээр хүмүүсийн бодит орлого буурсныг төрөөс зайлшгүй нөхөх тухай асуудал юм. Нэрт эдийн засагч Ж.Кейнс «Инфляц өсөх үйл явц үргэлжилснээр Засгийн газар иргэдийнхээ баялгийн чухал хэсгийг нууцаар, ажиглагдамгүйгээр хураан авч байна гэсэн үг» гэж бичжээ. Нууцаар хураан авснаа буцааж өг гэж шаардах эрх дутуу нойртой, дундуур ходоодтой иргэдэд бий. Та бид өвөг дээдэст өртэй, хойч үедээ үүрэгтэй хүмүүс. Иймээс 1995 оноос өмнө, хойно тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгах тухай олон жил яригдаж буй асуудлыг шийдвэрлэж өгөх, мөн тэтгэврийг нэмэх шаардлагатай гэж үзэж буйгаа дахин анхааруулъя. Мөн нийгмийн халамжийн үйлчилгээг зохистой арга хэлбэрээр хөгжүүлж, түүнийг зайлшгүй шаардлагатай байгаа хүн, айл өрхөд хүргэх асуудалд онцгой анхаарвал зохино.

Ирэх дөрвөн жилд УИХ, Засгийн газрын нэн түрүүнд санаа тавьж, хөрөнгө хүч зарж, уйгагүй хөөцөлдөх асуудал бол ажилгүйдэл, ядуурал. Ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах зорилт дэвшүүлж байгаа нь зүйтэй. Гэхдээ ядуурлыг хэчнээн хувиар бууруулах талаар үндсэн чиглэлд тодорхой зорилт алга байна. Уг нь Засгийн газар ядууралд дайн зарлана гэж амласан. «Дайны талбар дахь хамгийн сайн танк бол хамгийн сайн экипажтай танк» гэдэг үг бий. Ядууралтай хийх дайныг ямар чадвартай экипаж төлөвлөж удирдав гэдгийг цаг хугацаа бодит үр дүнгээр хэмжих нь тодорхой. Засгийн газар дөрвөн жилд хийсэн ажлаа хэчнээн ч хуудсаар тайлагнаж болно. Гэхдээ ажилгүйдэл, ядуурал ямар хэмжээгээр буурав гэдэг хэмжигдэхүүн нь УИХ, Засгийн гаэрын ажил амлалтын бодит үр дүнг тооцоход гол үзүүлэлт байх нь гарцаагүй.

2.УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙД

2005 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа нэгдсэн төсвийн алдагдлыг аль болохоор бууруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувиас хэтрүүлэхгүй байхаар заажээ. Энэ бол зөв зүйтэй хандлага. Цаашид төсвийн шинэчлэлийг өргөн хүрээтэй, дэс дараатай, зоримог хийх шаардлагатай. Дээр хэлсэнчлэн манай улсад зах зээлийн харилцаа зүгшрэн төлөвшиж байгаа хэдий ч төсвийн хүрээнд зах зээлийн шинэчлэл нэн удаашралтай байгааг нүүр тал засахгүйгээр шууд хэлэх хэрэгтэй. 2005 оны төсвийн төслөөс харахад дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн зарлага 41.2 хувь, төсвийн орлого 37.7 хувийг эзлэхээр байна. Гэтэл ДНБ-ий 80-аад хувь нь хувийн хэвшилд бүтээгдэж байгаа билээ. Үүнээс үзэхэд манай эдийн засаг дахь төрийн оролцоо үлэмж их байна. Зөвхөн энэ баримт манай төсөвт шинэчлэл хийх цаг оройтсоныг тодорхой харуулж байна. Төсвийн шинэчлэл нь төсвийн орлого, зарлагын аль алиныг нь хамрах естой.

Төсвийн орлогын дийлэнх нь татвараас бүрдэж байгаа бөгөөд татварын шинэчлэлийн талаар би Улсын Их Хурлын чуулган дээр байр сууриа удаа дараа илэрхийлсэн. Татвар нь татвар төлөгчдөд дарамт багатай, тогтвортой, шударга, алагчлалгүй адил тэгш байх, үйлдвэрлэл, үйлчилгээг тэтгэж, хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийг дэмжихийн зэрэгцээ татварын бааз суурь нь өргөн, төлөгдөх бололцоотой, тооцож хураахад хялбар байвал зохилтой. Энэ зарчмыг үндэс болгон татварын шинэчлэлийг ээлж дараатай, тэгэхдээ тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Төсвийн зарлагын хувьд шинэчилж өөрчлөх юм бишгүйдээ их бий.

Төр засаг илүү орон тоо, шат дамжлага, элдэв чирэгдэлгүй цомхон чадварлаг байх, төрийн захиргааны байгууллагууд хүний тоо, нүсэр бүтцэд бус оюуны чадамжид тулгуурлан ажиллах орчин үеийн шаардлагын талаар би Төрийн тэргүүний хувьд шинэ Засгийн газар байгуулагдахаас эхлэн удаа дараа хэлж анхааруулсан. Учир нь зах зээлийн нөхцөл дэх Засгийн газар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүх зорилтыг гардан хэрэгжүүлж, юм бүхэнд оролцох биш, харин зарим үүргээ төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлж, хувийн хэвшлийн хөгжилд саад тотгор учруулж буй аливаа тээг, гох дэгээг арилгаж, өсөлт, хөгжлийн таатай орчин бүрдүүлэх үүрэгтэй. Энэ удаа төр засгийн удирдлагын орон тоо, илүү шат дамжлагыг цомхотгож, зардал багасгах талаар дорвитой арга хэмжээ авч чадсангүй. Харин ч зөвшилцөл нэрийн дор УИХ, Засгийн газар хэн хэнээ хэлэлтгүй орон тоогоо данхайтал нэмж чадлаа. Түүнийг дагаад аппаратын зардал өсч байна. Дэд бүтцийн яамыг гурван яам болгон салгаж зохион байгуулснаас аппаратын зардал нь өмнөхөөсөө 687 сая төгрөгөөр нэмэгдсэн байх жишээтэй. Төр засгийн удирдлагын зардлыг багасгах, хямдруулах ихээхэн нөөц бий, үүнийг ашиглаж чадвал төсвийн ачаалал хөнгөрөх багагүй бололцоо бас бий гэдгийг дахин сануулъя.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөн шинэчлэх нөхцлийг бүрдүүлж хэрэгжүүлэх нь зөвхөн төсвийн зарлагыг багасгаад зогсохгүй улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах ач холбогдолтой шинэчлэлийн том алхам гэдгийг УИХ-ын намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ онцлон дурдсанаа давтъя. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амьдралд бодитой хэрэгжүүлэх, дэд бүтцийн хөгжил, хөрөнгө оруулалтын бодлогыг түүнтэй уялдаатай шийдвэрлэх шаардлагатай. Энэ нь хөрөнгө хүчийг төвлөрүүлж, эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг хурдан хөгжүүлэх, улмаар зах зээлийг өргөтгөн хүн амын аж амьдралын нөхцөл, түвшинг дээшлүүлэхэд томоохон түлхэц өгөх болно. Түүнчлэн нийгмийн салбарын шинэчлэл, өөрчлөн байгуулалт, хувьчлалыг өргөтгөж, орлогоороо зарлагаа нөхөж, ашигтай ажиллах зарчимд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх нь төсвийн шинэчлэлийн нэг чухал чиглэл мөн. Нийгмийн даатгалын тогтолцоог зах зээлийн зарчимд тууштай шилжүүлснээр төсвийн зарлагыг үлэмж бууруулах шинэ боломж нээгдэнэ.

Энэ мэтчилэн төсвийн зарлагын зүйл бүрийг нарийн шинжилж, тэдгээрийг зах зээлийн зарчимд шилжүүлэх, арвилан хэмнэх, бүтцийн өөрчлөлт хийх, төрийн зарим ажил, үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, шаардлага багатай элдэв хөнгөлөлтийг үгүй болгох зэргээр төсвийн зарлагын шинэчлэлийг иж бүрэн хийх үндсийг ирэх жилийн төсвөөс эхлэн тавиуштай байна. Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал ч ийм аятай боломжийг олгосон алтан мөчийг зөв зүйтэй ашиглацгаая.

Нобелийн шагналт, эдийн засагч П.Самуэльсон «Зах зээлд чиглэсэн, улам эрч хүчээ авсаар буй хандлагыг дагаад илүү жижиг төр, бага зохицуулалт, бага татварыг хүсэмжлэх нь ихэсч байна» гэж хэлснийг тусган авч төсвийн бодлогын шинэчлэлийг хийх нь зүйтэй санагдана. Төсвийн хөрөнгө оруулалтын бодлогод ч дорвитой шинэчлэл хүлээгдэж байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг салбар, тойргийн явцуу ашиг сонирхлоос салгаж, улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлийн төсөл, арга хэмжээнд төвлөрүүлэн, үр өгөөжийг нь дээшлүүлэх нь шинэчлэлийн тулгуур зарчим болох ёстой.

Аливаа хөрөнгө оруулалтын зардал, үр өгөөжийн шинжилгээг ул үндэстэй, нарийн хийж, аль болох богино хугацаанд зардлаа эргэн нөхөх боломжтой нь нотлогдсон, улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцсэн төслүүдийн хөрөнгө оруулалтыг эн тэргүүнд дэмжих ёстой гэж үзэж байна.

Төсөв, үндсэн чиглэл хэлэлцэж байгаа энэ цаг үед сонгуулийн амлалтаа эргэж нэг санацгаа. Сонгуулиар алд дэлмийг амлан горьдоогоод, сонгогдсоны дараа ямх чимхээр хувь хүртээн аргацааж, дутууг нь золбин үг, зовлон тоочсон суртал нэвтрүүлгээр дүүргэн зон олныг гонсойлгож хэрхэвч болохгүй. «Сонгуулийн амлалтыг эрх баригчид л мартахаас ард түмэн хэзээ ч мартдаггүй», «Ард түмнийг заримдаа хуурч дөнгөдөг ч худалдан авч болдоггүй» гэдэг. Амлалтуудаа хэрэгжүүлж эхлэх төсөв, үндсэн чиглэл батлахгүй бол сонгогчид нүүрийг чинь улалзуулан, нүдийг чинь бүлтэлзүүлэн нэхэмжлэх нь гарцаагүй. Ард түмний ой тоонд шингэтэл сурталдсан тоон амлалтыг тэд өөрийнхөө нас шиг тод санан хүлээж суугаа гэдгийг дахин нэг анхааруулах нь миний үүрэг, шаардах нь сонгогчдын эрх. Амлалтуудыг хэрэгжүүлэхдээ санхүү, эдийн засгийн бодит боломждоо түшиглэх нь зүй есны асуудал боловч ард түмний хэллэгээр «ам алдвал барьж болдоггүй ээ». Хэрэгжүүлэх нь Та нарын хэнтэй ч хуваалцашгүй үүрэг.

Би энэ бүгдийг тавлах, тохуурхах агуулгаар бус Монголын ардчиллын хувь заяа, улс төрийн хүчнүүдийн төлөвшлийн эрх ашиг, ард түмнээс хүлээх цааш цаашдын итгэлийн баталгаат чанарын талаас нь сануулж байгааг Та бүхэн эрхбиш ухаарч, ухамсартайгаар тусган авах биз ээ. УИХ-ын сонгуулиас хойш таван сар шахам хугацаа өнгөрлөө. Та бүхний энэ хооронд ярилцсан, найрсан, хийснийг зэмлэж шүүмжлэхийг хүсэхгүй байна. Харин одоогоор магтах сайрхах зүйлээр маруухан байгаад дүгнэлт хийгээсэй билээ. Засгийн газар мууд бэлэн байхын зэрэгцээ илүү сайнд найдан, гарт баригдаж, нүдэнд харагдах үр дүнтэй ажиллах хэрэгтэй.

З.МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТУХАЙД

Сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд харьцангуй тогтворжих хандлагатай болсон, Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь макро эдийн засгийн тогтворжилтын нааштай хандлагыг улам бататгахын зэрэгцээүндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг идэвхжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад үйлчлэх учиртай гэж үзэж байна.

Зах зээлд шилжсэн эхний жилүүдэд мөнгөний хатуу бодлого явуулж, эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авч байсан. Гэвч энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөхөд тээг тушаа болох сөрөг нөлөөтэй байлаа. Харин өнөө үед мөнгөний уян хатан бодлого явуулах нь оновчтой. Сүүлийн жилүүдэд мөнгөний
нийлүүлэлтийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж ирсэн боловч банкны зээлийн хүү өндөр, хугацаа нь богино хэвээр байна. Энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, техник технологийн шинэчлэл хийх нөхцөл, боломжийг олгож чадахгүй байна. Иймд Монголбанк мөнгөний бодлогыг эдийн засгийн өсөлтөнд бүхэлд нь чиглүүлж, арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах, хугацааг нь уртасгах талд удирдлага зохицуулалтаар нөлөөлж, мөнгөний бодлогын гол хөшүүргүүдийг үр нөлөөтэй ашиглаж ажиллах хэрэгтэй.

Мөн гадаад валютын нөөцийг улам улмаар нэмэгдүүлж, монгол төгрөгийн америк доллартай харьцах ханшийг харьцангуй тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлэх нь мөнгөний бодлогын нэг гол зорилт байсан, цаашид ч түүнийг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Үндсэн чиглэл, төсөв, мөнгөний бодлого гурав хоорондоо нягт уялдсан, харилцан нөхцөлдсөн байх хэрэгтэй гэдгийг хэлэхэд илүүдэхгүй бизээ. Эдгээр баримт бичгийн алинд нь ч гэсэн зах зээлийн хууль, зарчим гол чиг шугам болох ёстой. Төрийн зохицуулалт зах зээлийн харилцаа зөв гольдрилоор үйлчлэх, хөгжих таатай нөхцлийг хангах учиртай. Зах зээл хүмүүсийн оюун сэтгэлгээ, бүтээлч санаачилга, өрсөлдөх чадвар, ажил хэрэгч чанарыг хөгжүүлдэг увидастай. Нобелийн шагналт, нэрт эдийн засагч М.Фридман «Юунаас ч битгий ай. Ганцхан хүний бүтээлч оюуны санал, санаачилгыг л бүү чөдөрлө» гэж хэлснийг санах төдий биш чанд мөрдлөг болгон ажиллах хэрэгтэй.

УИХ-ыи эрхэм гишүүд ээ,

Та бүхэн улс орны хөгжлийн энэхүү гурван гол баримт бичгийг хэлэлцэн батлахдаа миний хөндсөн зарчмын гол санаануудыг аль болохоор шингээж, цаашид тэдгээрийг зах зээлийн шинэ нөхцөлд нийцүүлэн шинэчлэх бодит алхмыг хийгээсэй гэж хүсэх байна.

Үүний зэрэгцээ манай улсад тусалж дэмжин хамтарч ажилладаг олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудын санал, зөвлөмжийг анхааралтай судалж, тусгах нь зүй есны асуудал билээ. Зах зээлийн зарчимд нийцсэн, шинэчлэлийг дорвитой урагшлуулсан, түмэн олны өнөө ирээдүйн сайн сайхны төлөө үйлчлэх тийм төсөв, үндсэн чиглэл, төрийн мөнгөний бодлого батлагдан хэрэгжээсэй гэж хүлээж байя.