УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан: 2005 оны төсвийн төсөл энэ чигээрээ батлагдвал Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн ам, ажил хоёр зөрнө

A- A A+
УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан: 2005 оны төсвийн төсөл энэ чигээрээ батлагдвал Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн ам, ажил хоёр зөрнө

УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан:
2005 оны төсвийн төсөл энэ чигээрээ батлагдвал Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн ам, ажил хоёр зөрнө

УИХ-ын гишүүн, БНН-ын дарга Б.Жаргалсайхан өчигдөр буюу 2004 оны 11 дүгээр сарын 17-нд сэтгүүлчидтэй уулзаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон 2005 оны төсвийн төслийн талаар байр сууриа илэрхийлсэн байна. Их эвслийн гэгддэг шинэ Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт шинэчлэлийн томоохон зорилт орсонгүй гэж тэрбээр үзэж байна. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Засгийн газрын зардлыг 30 хувиар бууруулна гэж хэлж байсан. Гэтэл 2005 оны улсын төсвийн төсөлд Засгийн газрын зардал нэг тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Хэрэв 2005 оны төсвийн төсөл энэ чигээрээ батлагдах юм бол Ерөнхий сайдын хэлсэн үг хийж байгаатайгаа зөрчилдөж байгааг харуулна гэж УИХ-ын гишүүн, БНН-ын дарга Б.Жаргалсайхан мэдэгджээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр эвслийнхэн итгэлийн 10 мянган төгрөгийг өгөхгүй бол огцорно гэж байсныг санаж байна. Тэгэхлээр миний бодлоор он гараад Засгийн газар төдийгүй УИХ тарах байх гэж тэрбээр бас хэлжээ. Б.Жаргалсайхан архи, шар айрагны онцгой татварыг нэмэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Тэрбээр хэлэхдээ, социализмын үед манай улсын төсөв хоёр тэрбум орчим төгрөг байсан, төсвийнхөө 40 орчим хувийг архи, шар айрагны татвараас бүрдүүлдэг байсан юм билээ. Харин өнөөдөр согтууруулах ундаанаас авч байгаа татвар улсын төсвийн найман хувьд хүрэхгүй байгаа нь тун хангалтгүй гэжээ. Түүнийхээр бол нэг шил архины доод үнэ 5000 төгрөг байх ёстой аж. Тэгээд түүний энэ саналыг УИХ дэмжвэл 2005 оны улсын төсөвт 17 тэрбум төгрөг шинээр орж ирэх бололцоотой ажээ. “АПУ”, “САПУ” дампуурна л биз. Айргаа ууцгаа монголчуудаа гэж тэрбээр уриалсан байна. Түүнчлэн Б.Жаргалсайхан эмч, багш нарын цалинг 250-300 мянган төгрөг болгох санал оруулахаар төлөвлөж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгджээ.