2005 онд төсвийн хөрөнгө оруулалтаар 38 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх бололтой (2004.11.29)
УИХ дахь нам, эвслийн бүлгүүд ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг дөрвөн тэрбум төгрөг байхаар тохиролцсон. Баттай эх сурвалжийн мэдээлснээс үзвэл эрчим хүчний салбарт хамгийн их буюу 2.2 тэрбум төгрөг хуваарилахаар болжээ гэж “Зууны мэдээ” сонинд мэдээлсэн байна. Учир нь энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 19 хувиар буурсан дүн гарахаар байна гэж тус сонин тэмдэглэсэн байна.
Түүнчлэн тус сонинд мэдээлснээс үзэхэд,УИХ дахь нам, эвслийн бүлгүүд Мянганы замыг үргэлжлүүлж, 10 гаруй байгууламжийг шинээр барихаар тооцжээ. Тухайлбал, Дашинчилэн-Өгий нуурын чиглэлийн Мянганы замыг барьж дуусгахад төсвөөс 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, Налайх, Арвайхээр, Ховдын Алтай сум, Архангайн Эрдэнэ-мандалд шинээр сургууль, Булганы Тэшиг, Говь-Алтайн Чандмань, Баян-Өлгийн Буянт суманд эмнэлэг барихаар төлөвлөж байгаа ажээ. Харин Хэнтий, Увс аймгийн төвд шинээр спортын цогцолбор барих аж. Ерөнхийдөө ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар 38 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх юм байна.
Ирэхонытөсвийгарван хоёрдугаар сарын нэгнээс өмнө амжиж батлах учиртай. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн дүнд бүрдсэн парламент анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудал буюу Засгийн газраа оройтож байгуулснаас төсвийн хэлэлцүүлэгт хүндрэл учирч 2005 оны улсын төсвийн тухай хуулийг хугацаанд нь амжиж батлах эсэх нь эргэлзээтэй боллоо хэмээн тус сонин дүгнэжээ. 2005 оны улсын төсвийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийхэд ажлын хоёр хоногийн хугацаа үлдэж байна. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, УИХ дахь нам, эвслийн бүлгүүд зөвшилцөж, төсөв батлах хугацааг сунгаж мэдэхээр байна. УИХ өөрөө хууль тогтоох дээд байгууллага учраас хуулийн заалтыг давж тогтоол гаргах эрхтэй гэж УИХ-ын гишүүн Ц.Дамиран хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, УИХ тогтоол гаргаж, ирэх оны төсөв батлах хугацааг хэд хоногоор сунгаж магадгүй байгаа ажээ.