Монгол Улсын 2005 оны төвлөрсөн төсөв батлагдлаа (2004.12.01)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж 2005 оны улсын төвлөрсөн төсвийг баталсан байна. Хуралдаанаар төсвийн төслийн 3, 4 дүгээр хэлэлцүүлгийг хийж, эцэст нь ямар нэгэн эсэргүүцэл, зөрчилгүйгээр 2005 оны улсын төсвийг баталлаа гэж өдөр тутмын сонинууд тэмдэглэжээ.
Монгол Улсын 2005 оны төсвийн орлогын доод хэмжээг 708,2 тэрбум, зарлагын дээд хэмжээг 775,1 тэрбум төгрөгөөр тогтоож, төсвийн нийт алдагдал 66.9 тэрбум төгрөг байхаар баталсан байна. Ирэх онд Ерөнхий сайд болон харьяа байгууллага нь 25.4 тэрбумын орлогыг төсөвт төвлөрүүлж, 11.8 тэрбум төгрөгийг зарцуулах эрхтэй болжээ. Харин Шадар сайд 1.4 тэрбумын орлогыг төвлөрүүлж, 3.2 тэрбум төгрөгийг зарцуулах болов. Хамгийн өндөр орлогыг буюу 541.7 тэрбумыг Сангийн сайд болон түүний харъяаны байгууллагууд төсөвт оруулахаар болж, 167.7 тэрбумыг нь зарцуулахаар батлагджээ.